Дани улсаас хөөрөх анхны хувийн пуужингийн нислэг цаг агаарын байдлаас болж хойшлогдлоо. Агаар мандлын стратосферээс дээш 30 км зам туулахаар төлөвлөж байсан энэ нислэгийг дэлхийн сансар судлалын түүхэнд шуугиан тарина гэж судлаачид дүгнэж байна.
Тус улсын одон орон судлаач Тихо Брагегийн дурсгалд зориулан нэрлэсэн “Heat1X-Tycho Brahe” пуужинг инженер Кристиан фон Бенгтсон, Питер Мэдсен нар зохион бүтээж, сансрын уудамд эх орныхоо тугийг мандуулах хүсэлтэй иргэд, албан байгууллагууд санхүүжүүлсэн аж. Пуужин есөн метр урт, 1.6 тонн жинтэй бөгөөд хөлгийг бүтээх гэж тэд хоёр жилийн турш уйгагүй ажиллаж, нийт 50 мянган евро зарцуулсан гэнэ.
Нэг онцлог нь нисэгчид нислэгийн явцад хөлөг дотроо зогсож болох гэнэ. Пуужингаар довтолно гэж сүрдүүлдэг улс орнуудын жишгийг эвдэх найдлага төрүүлж буй уг пуужингийн туршилтын нислэгийг зөвхөн даничууд ч биш, дэлхий даяараа хүлээж байна.
“Heat1X-Tycho Brahe”- ыг зохион бүтээгчдийн хэлснээр Дани улсын иргэд таван жилийн дараа сансрын уудамд аялах боломжтой болох аж.
Х.Одноо