
Сүүлийн үед жолооч нар бухимдаж, “Хариуцлагын даатгал хийлгэсний ашиг алга” хэмээн гомдоллох болов. Тэгэхээс ч аргагүй нөхцөл байдал үүссэн нь уг бухимдал, эсэргүүцлийг зөвтгөж буй. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь даатгалын компаниуд.
БАРИМТ 1. Иргэн С арав гаруй хоногийн өмнө автомашинаа зогсоолд байрлуулах гэж байгаад хүний тэргийг шүргэн, сэвтүүлжээ. Тэрбээр өөрийнхөө бурууг ойлгож, нөгөө жолоочийн хохирлыг барагдуулахаар “Монгол даатгал” компанид хандсан аж. Гэвч түүнийг цагдаагаар хэмжилт хийлгүүлж, тодорхойлолт авчрахыг шаарджээ. Ингээд замын цагдаад хандахад С-ийг зам, тээврийн осол гаргасан хэмээн 100.000 төгрөгөөр торгож, зөрчлийн оноог нь хассан гэнэ. Бөөн чирэгдэл болсны эцэст даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулах болоход шүргэсэн машиных нь хохирол 60.000 төгрөг хэмээн үнэлэгджээ. “Хэрэв би даатгалын компанид хандаж, тэдний шахалтаар замын цагдаа дуудан тодорхойлолт аваагүй бол хохирлыг нь өөрөө барагдуулж, 40.000 төгрөг, оноотойгоо үлдэх боломжтой байлаа” хэмээн С ярив.
БАРИМТ 2. Иргэн Д-ийн машины араас нэгэн жолооч мөргөж, хойд хормойг нь эвдэлжээ. Осол гаргасан жолоочийн даатгуулсан компанийн ажилтан ирж, учирсан хохирлоо үнэлүүлээд ир гэх лүндэн буулгаж, тухайн газарт аль ойр үнэлгээний компанийг зааж өгчээ. Тухайн компанийнхан хормойг нь засахад 375.000 хүрэлцэнэ хэмээн тодорхойлж. Гэтэл вьетнам засварынхан хямддаа 700.000 төгрөгөөр засаж өгнө гэжээ. Д даатгалын компанид энэ тухай дуулгахад “Одоо нөхөн төлбөрийг нэмэх аргагүй. Бид үнэлгээний газрын дүгнэлтийг үндэслэн төлбөр олгоно. Хэд хэдэн газраар үнэлүүлэхгүй яасан юм бэ. Бид удахгүй мөнгийг чинь өгнө” гэсэн аж. Гэвч өдөр бүр утас цохин байж арав гаруй хоногийн дараа нөхөн төлбөр авсан гэнэ.
БАРИМТ 3. Урт гартнууд иргэн Б-ын автомашины цонхыг хагалжээ. Тэрбээр даатгуулсан компаниасаа хохирол барагдуулж өгөхийг хүсэхэд “Камерын бичлэг, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, цагдаагийн алба хаагчийн тодорхойлолт авчир” гээд “Өөрөө хагалчихсан юм биш биз дээ” хэмээн хардаж буйгаа битүү үгээр хэлж гэнэ. Нэхсэн элдэв баримтыг нь бүрдүүлэхээс залхсан Б аргагүйн эрхэнд шинэ шил авчээ. Тэрбээр “Би нөхөн төлбөр авахын тулд материал бүрдүүлэх гээд бараг л шил авах дайтай зарлага гаргасан. Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах ашиггүй юм билээ” хэмээн ярьсан. Дээрх гурван иргэн даатгалын компаниудад гомдсон олон зуун хүний төлөөлөл юм. Даатгалын тогтолцоонд итгэхээ больж буй хүмүүсийн тоог нэмж буй ч гэж болно.
Жолооч нарын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүд Жолоочийн хариуцлагын даатгалын хууль баталж, хэрэгжүүлээд таван жилийг үдэж буй. Энэ хугацаанд даатгалын компаниуд жолооч нарт 51 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Гэвч тэд “Хуримтлуулсан хураамж зардалдаа хүрэлцэхгүй, үйл ажиллагаа хүндрэх магадлалтай байна.
Зөрчил гаргасан жолоочид хуулийн хариуцлага ногдуулахгүй бол зам, тээврийн осол буурахгүй” хэмээн тооцож, осол бүрийг цагдаад бүртгүүлэн, жолооч нарыг шийтгүүлэхийг илүүд үздэг болов. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг тооцоолол жолооч нарт хүндээр тусаж, өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Иргэн С шиг ялихгүй осол гаргаад өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн хүмүүст нөхөн төлбөр олгохоос цааргалсны уршгаар жолооч буруутан болохгүйн тулд нэгэнтэйгээ маргалдаж, цаашлаад “Даатгалд хамрагдах ашиггүй юм байна” гэсэн бодол тээж буй гэж болно.
Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт Санхүүгийн зохицуулах хороо жолооч нарын магнайг тэнийлгэх шийдвэр гаргав. Тус хороо “Зам, тээврийн ослын улмаас хүний амь хохироогүй, хоёр тал маргаангүй, тухайн жолооч архи, мансууруулах бодис хэрэглээгүй бол даатгалын компаниуд нөхөн төлбөрийг шууд олгох нь зүйтэй” гэж шийдвэрлэжээ. Үүнийгээ холбогдох албаныханд ч мэдэгдсэн аж. Санхүүгийн зохицуулах хороо болон бусад албаныхан “Даатгалын компаниуд 2016 онд 26.6 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн байдаг. Иргэд тэдэнд итгэж буйг эндээс харж болно. Төвлөрсөн хөрөнгийн 53 хувийг нөхөн төлбөрт, заримыг нь ажилчдын цалин, шатахуун гэх мэтэд зарцуулдаг ч нарийн тооцоо хийвэл их хэмжээний ашигтай биш юм аа гэхэд лав алдагдалгүй ажилладаг. Тиймээс тооцоо хийсний үндсэн дээр 200.000 төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг цагдаагийн тодорхойлолт шаардахгүй олгоход компаниуд хохирол хүлээхгүй гэж үзлээ. Бид орлого, зарлагыг нь судалж буй учраас баттай хэлж чадна” гэж гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлав.
Гэвч даатгалын компаниуд үүнийг эсэргүүцэж, байгууллагууд ашиггүй ажиллана гээд жолоочийн хариуцлагын даатгалд өөрчлөлт оруулахаар санаархаж эхэлсэн бололтой. Тодруулбал, даатгалын компаниуд 2015 онд онд шахалт үзүүлж, жолоочийн хариуцлагын даатгалын хураамж төлөх итгэлцүүрийг 23 хувиар нэмсэнтэйгээ ижил аргаар хураамжийг ихэсгэхээр ярилцаж байгааг зарим эх сурвалж мэдээлэв. Уг нь өнгөрсөн жилүүдэд даатгалын компаниуд ашиггүй ажиллаж байсан удаагүй. Тухайлбал, 2016 онд л гэхэд жолоочийн хариуцлагын даатгалаас 5.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Жилд дунджаар 30-33 мянган жолооч зам, тээврийн осол гаргадаг бөгөөд нөхөн төлбөрт хураамжийн 45-55 хувийг л зарцуулдаг гэх. Энэ оны эхний найман сард уг даатгалын орлого өнгөрсөн оны мөн үеэс 2.2 тэрбумаар өсчээ. Зарим баримтаас үзвэл өнгөрсөн жилүүдэд даатгалын компаниудын орлого жилээс жилд нэмэгдэж, үүнийг дагаад ашиг нь ч өссөн байна. Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас хураамж нэмэх нь зөв, эсэх талаар тодруулахад “Хураамж нэмбэл даатгуулагчдын итгэл суларна. Тиймээс манай холбоо эсрэг байр суурьтай байгаа. Одоогийн хураамж нөхөн төлбөрт хүрэлцэнэ. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, хураамж нэмсэн компаниудын зөвшөөрлийг цуцална” гэв.
Даатгалын компаниуд шуурхай албатай байх наад захын шаардлага биелүүлэхгүй, нөхөн төлбөр олгохдоо хойрго ханддаг, нөхөн төлбөрийн мэдээллийг цагдаагийн байгууллагад батлагдсан загварын дагуу хүргэдэггүй гээд зөрчил олон. Санхүүгийн зохицуулах хорооноос шийдвэр гаргасантай холбогдуулан тэд шуурхай алба ажиллуулах үүрэг хүлээж буй. Гэтэл хариуцлагаа нэмэгдүүлж, үйлчилгээгээ сайжруулахын оронд зардал гаргахгүйгээр ашиг олох гэж улайран дайрч байгааг юу гэж ойлгох вэ.