Шатрын спортын 21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 28-наас зургаадугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Тивийн шилдгүүд авьяас, ур чадвар, туршлагаараа өрсөлддөг тул тоглолт өндөр зэрэглэлд тооцогддог. Тус тэмцээнийг энэ удаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилагаар эх орондоо зохион байгуулах юм. Азийн 26 орны 240 гаруй тамирчин оролцох тэмцээний нээлттэй ангилалд эхний таван байрт шалгарсан, мөн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн тоглогч ирэх жил “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох эрх авах нь.
Манай улсад үүнээс өмнө ФИДЕ эмэгтэйчүүдийн гран при (2010) 16 хүртэлх насныхны шатрын олимпиад (2015), өсвөр үеийнхний Азийн АШТ (2016), Азийн залуучуудын АШТ (2018), Азийн 3.3 бүсийн болон ахмадын, сурагчдын Азийн АШТ (2025) болж байв.