
Монголд төрийн ажлыг саадгүй, шуурхай явуулахад чөдөр тушаа болдог олон хүчин зүйл бий. Бусдын ажилд хэр зэрэг тээг садаа болно, тэр хэрээр өөрсдийгөө их сайн, бас их ачаалалтай ажиллаж байна хэмээн сэтгэдэг албан тушаалтнууд, түүнийг нь өөгшүүлдэг тогтолцооны гажгаас үүдэлтэй хүнд суртал энэ улсыг яаж “идэж” буйг хэдхэн жишээгээр эш татъя.
“ХЯМГАДСАН НЬ”
Элсэн тасархай орчмын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг хэрхэн бууруулах вэ гэдэгт солонгосчууд Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлэхээр болж, урьдчилгаа мөнгөө бараг хоёр сарын өмнө Монгол руу шилжүүлжээ. Гэтэл “Төрийн сан” хэмээх “түлхүүр” нь олддоггүй түгжээтэй авдарт өнөөх нь орсноор тэндээ таг гацаж орхисон аж. Сангийн яамныхан “Сайдын гарын үсэгтэй тушаал гарахаас нааш 16 сая төгрөгийг чинь гаргаж өгөх ямар ч боломжгүй” хэмээн хууль журам яриад тас зөрүүлдэх нь тэр. Ингээд манай эрдэмтэд гадаад түншлэгчдийнхээ нүүрийг харах “аргагүй” болсон ч олгой хагаравч тогоондоо гэгчээр асуудлыг өөрсдөө яаж ийгээд зохицуулан, монгол, хятад, солонгос судлаачдын хамтарсан анхны хурлаа өнгөрсөн баасан гаригт Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хийлээ. Гадаадын найман судлаачийг “Continental” зочид буудалд байрлуулах, хурал зохион байгуулах мөнгөө босгох гэж үйлээ үзсэн тэд маргааш Элсэн тасархай руу явна. Унаа хөлслөх, бензин шатахуун, очоод байх байр савны мөнгө гээд дахиад өчнөөн асуудал босож ирэх нь мэдээж. Гэвч гадаадынхны хувьд төлөвлөсөн ажил л бол ажил учраас нэгэнт зориод ирчихсэн хүмүүсийг буцаалтай биш, болгохоос өөр зам манайханд үгүй.
“Бид ямар татвар төлөгчдийн мөнгийг авч хэрэглэх гээд байгаа биш. Төслийн шугамаар орж ирсэн мөнгийг төлөвлөгөөнийхөө дагуу зарцуулах гэхээр хөдөлж өгдөггүй, ажил уядаг утгагүй тогтолцоог халмаар юм. Коммунист Хятадад хүртэл ийм байдаггүй. Төслийн удирдагчдадаа жижиг карт өгч явуулаад, зарцуулалтыг нь хаанаас, яаж ч хянадаг юм, ажил дуусахаар өнөөхөө хураагаад авдаг” хэмээн ярих Цөлжилтийн судалгааны төвийн эрхлэгч, доктор А.Хауленбек өнөөдөр дахиад л Сангийн яамныхныг царайчилна. Хямгадна гээд хүний, өөрийн ялгаагүй хамаг мөнгийг Төрийн санд аваачиж түгждэг, 16 сая төгрөгийн төлөө тушаал гарган, Сангийн сайд нь өөрийн биеэр гарын үсгээ мутарладгийг бодохоор жигтэйхэн их сахилга баттай, авлига хээл хахуульгүй улс баймаар юм, манайх. Тийм биш болохоор л адаглаад сайдын цаг завыг өмнөөс нь “хайрлах”, хэдэн зуун тушаал бичин хаягдаж буй цаасыг хүртэл харамлах сэтгэл төрөөд байгаа юм.
“ХЭМНЭСЭН НЬ”
Улс орны эдийн засаг доройтлоо, бүх шатанд, бүх салбарт хэмнэлтийн бодлого баримтална гээд өнгөрсөн хоёр жилийн турш пижигнэв, бид. Тэгсэн “будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр гадаадад мэргэжил дээшлүүлэхээр магистр, докторантурт явж буй ажилтнуудынхаа оронд 2019 он хүртэл хүн авч болохгүй гэсэн УИХ-ын тогтоол бас гарсан гэнэ. Энэ шийдвэр ШУА-ийн хүрээлэнгүүдийн удирдлагыг ихэд эгдүүцүүлж байгаа бөгөөд БСШУСЯ-нд эхнээсээ албан тоот хүргүүлжээ. Сайдыг нь эрх мэдлийнхээ түвшинд үүнийг ямар нэг байдлаар зохицуулж өгөхийг тэд аминчилсан байна. Тэгэхээс ч өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Гадаадын их, дээд сургуулийн тэтгэлгээр мэргэжлээ дээшлүүлэх боломжийг өөртөө бий болгосон хүмүүсийг “2019 он хүртэл оронд чинь хүн авч болохгүй учраас эндэх ажлыг хэн хийх вэ. Чи хүлээж бай” гэж болохгүй биз дээ. Нөгөөтэйгүүр, ажлаасаа гарч, өөр зүйлд хүч сорих бодолтой нэгэн байлаа гэхэд “2019 он хүртэл хүлээж бай л даа” гээд зүв зүгээр цалинжуулаад байж байх хэрэг үү. Тэтгэвэрт гарч байгаа хүний оронд өөр ажилтан авахгүй гэсэн бол нэг хэрэг. Польшид усан хангамжийн чиглэлээр суралцаад ирсэн, англи, орос, польш хэлтэй чадварлаг бүсгүй иймэрхүү наад захын зааг ялгааг олж хараагүй шийдвэрийн уршгаар 2019 он хүртэл ажилтай золгох, эсэх нь тодорхойгүй болжээ.
ХИЙДҮҮЛСЭН НЬ
Засаг, төрийн байдал ороо бусгаа байх зуур ажил хийдүүлж, олон түмнийг хохироосон явдал өнгөрсөн гурван сарын дотор хэчнээн гарсныг мэдэхгүй. Ямартай ч сурагчдын сурах бичиг хэвлэх, нийлүүлэх ажил хугацаанаасаа оройтсоныг хэвлэлийн компанийнхан лав үүнтэй холбон тайлбарлаж буй. Есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хооронд төрөөс худалдан авах бүх сурах бичгийг хэвлэж, нийлүүлнэ гэсэн гэрээг БСШУСЯ, хэвлэлийн компаниудтай байгуулах байсан ч газар, хэлтсийн дарга нар нь гарын үсэг зурж баталгаажуулах гэсээр байтал долоо хоног өнгөрчихсөн тухай “Адмон” компанийн захирал Р.Энхбат хэлсэн. Хоног хугацаа яваад байсан тул арга буюу яамнаас “Гарын үсгээ зураагүй ганц нэг хүн байгаа ч танай компани сурах бичиг хэвлэх ажлаа эхэлж байж болох уу” гэсэн хүсэлт тавьсан аж. Төрийн албатуудын хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж хүүхдүүд номгүй удаж болохгүй тул хувийн хэвшлийнхэн харин ч өөриймсөг загнан, гэрээ энэ тэр гэлгүйгээр сурах бичгээ хэвлэж эхэлжээ. Тэгсэн тулдаа сурагчид өдгөө номтойгоо золгож эхлээд буй. Засаг даргынхаа гарын үсэгтэй захирамж гарахыг хүлээсээр байтал аймагт нь хэрэгжих гэж байсан гадаадын хөрөнгө оруулалттай, ундны усны эрүүл ахуйн холбогдолтой маш чухал төсөл цуцлагдсан тухай нэгэн танил минь хуучилсан билээ. “Засаг, төр хаашаа ч эргэж магадгүй, түр хүлээзнэж бай” гэсэн тэр Засаг даргын үгнээс манай өнөөгийн түшээдийн дүр төрх бэлхнээ харагдах мэт.
“ХЯНАСАН НЬ”
Төрийн хяналт, шалгалтыг явуулдаг гааль хэмээх “саатуулах байр” Монголд бас бий. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн тангарагтаа хэтэрхий “үнэнч” манай хил, гаалийнхан дээр яам, тамгын газруудын янтгар албатууд нэмэгдчихээр далайлт нь ч, буулт нь ч сүртэй гэж юу гэх вэ. Энэ далайлт байгаа оноогүйн улмаас иргэд, аж ахуйн нэгжийг хөлдөө чирсэн тохиолдол өчнөөн. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын буцалтгүй тусламжаар, эсвэл гадаад, дотоодын сайн санаат хүмүүсийн хандиваар ирж буй эмнэлгийн голдуу тоног төхөөрөмж, элдэв бараа бүтээгдэхүүнийг Монголын хилээр нэвтрүүлэх гэж бөөн юм болдог жишиг хэдийнэ тогтсон. Өнгөрсөн жил Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын эмч нар ирж, зүрхний хүнд хэлбэрийн гажигтай 15 хүүхдэд үнэгүй мэс засал хийх гэтэл тэдний авчирсан хагалгааны багаж хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгслүүдийг манай хил, гаалийнхан хураагаад авчихсан билээ.
Буцалтгүй тусламжаар Монголд нийлүүлсэн тэрбум гаруй төгрөгийн үнэтэй аппарат гаалийн агуулахад хагас жил зэвэртлээ хэвтсэний эцэст арайхийн очих ёстой эздэдээ хүрсэн нь мөн л тэдний “хичээл зүтгэлийн” үр дүн. Гаалийн тухай хуулийн 38.1.2-д “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг гаалийн татвараас чөлөөлнө”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-д “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг НӨАТ-аас чөлөөлнө” гэж цагаан дээр хараар бичсэн байтал ийм үед гаалийнхан “Татваргүй оруулах боломжтой гэсэн бичгээ Сангийн яамнаас авчир” гэж тавлана. Нөгөөдүүл нь болохоор “Энэ тохиолдолд НӨАТ-аас чөлөөлнө гэж байхгүй. Та нар татвараа төлөх л ёстой” гэxчилэн яаж ийгээд шалтаг олж буцаахаа мэднэ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Монголд гарцаагүй хэрэгтэй, ус, хөрсний иж бүрэн шинжилгээ хийдэг, 200 мянган ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг манайхан төслийн шугамаар Европоос оруулж иртэл яг ийм шалтгаанаар гаалийн агуулахад хоёр сар гаруй түгжсэн байх юм. Эцэст нь манайхан өнөө гадаадынхнаасаа дахин “бадар барьж”, татварын мөнгийг нь шийдүүлэн, саяхан тоног төхөөрөмжөө гаргаж авчээ. Хяналт ихдэхээрээ юунд хүргэдгийн наад захын жишээ энэ.
Нэг нэгнийхээ ажилд гох дэгээ тавьдаг, тээг садаа болдог энэ монгол зан уу.