
Аравдугаар сарын 24-28-нд Македон улсад зохиогдсон Олон улсын тогооч нарын уралдаанд Монголын баг амжилттай оролцоод, өчигдөр эх орондоо ирлээ. А зэрэглэлийн тус тэмцээнээс монголчууд дөрвөн алт, таван мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тусгай байрын цомын эзэн болжээ. Энэ талаар Монголын Хоол урлахуйн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, мастер тогооч Б.Дэлгэрээс дараах тодруулгыг авлаа. УДЭТ-ын “Урлаг” кафег олон жил ахлан ажиллуулж ирсэн түүнийг уран бүтээлчид андахгүй.
-Юуны өмнө танд болон багийнханд тань халуун баяр хүргэе. Македонд болсон уралдаанд хэдэн орны тогооч нар ур чадвар, мэдрэмжээ сорьсон бэ. Манайхаас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов?
-Маш их баярлалаа. Олон улсын чансаа өндөр уралдаан учраас хоолны соёлоор дэлхийд хэзээнээсээ гайхуулж ирсэн зүүн, баруун Европын олон орон оролцлоо. Нийт 27 орны 300 гаруй тогооч 48 төрлөөр өрсөлдсөн. Серби, Туркээс гэхэд л тус бүрдээ 30-40 мастер тогоочийн бүрэлдэхүүнтэй том баг оролцсон. Манайхаас тус уралдаанд Мастер тогоочдын холбоо, Монголын хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын Хоол урлахуйн нийгэмлэг зэрэг байгууллагыг төлөөлөн дөрвөн тогооч, хоёр шүүгч явсан. Бусад орныг бодоход цөөн хүнтэй ч гэсэн бид тэдэнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд амжилттай оролцоод ирлээ.
-Монголчууд нийт 19 медаль хүртсэний долоог нь та ганцаараа авсан байсан. Тухайлбал, ямар төрөлд алтан медаль хүртэв?
-Modern dish буюу орчин үеийн хоолны төрөлд хоёр монгол тогооч алтан медаль хүртсэний нэг нь би. Манай тогооч нар нийт 48 төрлийн 24-т нь оролцож, 19 медаль хүртсэн гэхээр чамлахааргүй өндөр амжилт гэж бодож байгаа. Миний хувьд нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.
-Тус уралдаанаас манайхан медалийн “хур буулгаж” ганзага дүүрэн ирснээс гадна бас нэг баярт мэдээтэй ирсэн гэж дуулсан. Тэр тухайгаа тодруулана уу?
-Тийм ээ. Тус уралдааны гол ач холбогдол нь Олон улсын тогооч нарын уралдааны нэр төрөлд монгол үндэсний хоолыг оруулахаар болсон явдал юм. Энэ бол бидний хувьд яалт ч үгүй баярт үйл явдал. Урьд нь тогооч нар ази болон европ хоолны соёл гэдэг үндсэн хоёр ангиллаар судалгаа хийж, өрсөлддөг байв. Ази хоолны соёл гэхээр Хятад, Японыхыг голдуу “барьж авдаг” байсан бол одоо монгол хоолны нэр төрөл, онцлог, уламжлалын тухай дэлхий дахин мэддэг болох нь. Үүнд манай тогоочдын ур чадвар, амжилт нөлөөлснөөс гадна Монголын хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Мастер тогоочдын холбооны удирдлагуудын хичээл зүтгэл их байсныг хэлэх нь зүйтэй.