
Эрчим хүчний салбарыг мөнгө олох хэрэгсэл болгодог байж болзошгүйг АТГ-ынхан өнгөрсөн хавар хийсэн шалгалтаараа ил болгож, дүнг нь аравдугаар сард ЭХЯ-ны удирдлагад танилцуулсан билээ. 2015-2017 онд тус салбарт эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн. Тухайлбал, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавыг албан тушаалаа урвуулж 946.4 сая төгрөгийн хохирол улсад учруулсан хэмээн буруутгаад буй.
Мөн Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпороц” компанитай түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахдаа анхны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж сэжиглэсэн. Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийг тендерт шалгарсан БНХАУ-ын компанийн албан тушаалтнаас 500 000 ам.долларын хахууль авсан хэрэгт шалгаж буй билээ.
САЙД АСАН Д.ЗОРИГТ, С.ОТГОНБАЯР НАРЫГ ШАЛГАХ БОЛОВ
Тэгвэл энэ хүмүүс дээр нэмээд хэд хэдэн хүнийг эрчим хүчний салбарын хөрөнгийг үр ашиггүй, зарцуулж, завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгахаар болоод байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоол зэрэг бичиг баримтад үндэслэн Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийсэн аж. Эрх бүхий байгууллагын үнэ тарифын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг 2015 оноос энэ жилийн эхний улирлыг хамруулан шалгасан юм байна.
Шалгалтаар зарим тохиолдолд зохицуулагчид эрчим хүчний үнэ тарифыг үндэслэлгүй тогтоож, илүү мөнгө олж байсныг баталжээ. Эрчим хүчний тухай хуульд зааснаар Эрчим хүчний зохицуулах хороонд орон тооны бус зохицуулагч ажиллах ёстой аж. Гэтэл санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй томилоогүй, уг зохицуулах хороо хуульд заасан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй нь үнэ тариф батлах явцад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байр суурь хүчгүйдэх, хорооны шийдвэр гаргахад дөрвөн гишүүний санал тэнцэх зэрэг сөрөг нөлөөтэй байж.
Түүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нар үнэ тарифын саналыг хянаж, тогтоох асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдүүлэг гаргах ёстой ч хууль зөрчиж байжээ. Мөн зохицуулагчид эрчим хүчний үнэ тарифыг тогтоохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянан, шалгах журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийнхэн хянаж, ирүүлсэн саналыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн баталсан тохиолдол цөөнгүй гарсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна.
Тухайлбал, 2016 онд 94 удаа хурал хийж, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох асуудлыг хэлэлцэхдээ дээрх хэлтсийнхний оруулсан саналыг дунджаар 3.19 хувиар нэмэгдүүлж, уг хорооны дарга С.Отгонбаярын саналын дагуу баталж байж. Ингээд хэрэглэгчдээс илүү мөнгө авсан байх магадлалтай гэнэ.
Энэ бүхнээс гадна С.Отгонбаярыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлчихөөд байхад түүний гарын үсгээр зургаан удаагийн гүйлгээ хийж, 216.2 сая төгрөг зарцуулсан асуудлыг нь шалгуулах нь зүйтэй гэсэн санал Үндэсний аудитын газраас гаргаж, АТГ-т хүргүүлсэн байна. Түүнийг ажлаас чөлөөлөх тухай Ерөнхий сайдын захирамж 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд гарчээ.
Гэтэл ахлах нягтлан бодогч Д.Мөнхболд 2016 оны арваннэгдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд С.Отгонбаярын гарын үсгээр дээрх хэмжээний гүйлгээ хийсэн нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн аж. Энэ бүгд дээр нэмээд Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааны төсөв жил бүр нэмэгдэж, зарим төрлийн зардлыг хэтрүүлсэн, үр ашиггүй зарцуулсан нь хууль сахиулах байгууллагаар шалгуулах нэг үндэслэл болов.
Түүнээс гадна Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригтыг ч шалгуулах санал Үндэсний аудитын газраас гаргажээ. Тухайлбал, 2015 онд “ДЦС-III” ХК-ийн тарифыг нэмэгдүүлэх замаар Даланзадгад ДЦС-ын нэгдүгээр турбинийг шинэчлэх ажилд шилжүүлсэн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үр ашиггүй болсон гэнэ. Одоо болтол тус станцын турбин ашиглалтад ороогүй аж. Үүнд тухайн үеийн Эрчим хүчний сайд Д.Зоригтыг Засгийн газрын тогтоолыг зөрчиж, тендер зарлалгүй шууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэмээн буруутгаж буй гэнэ.
“ДЦС-III” ХК-иас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанид худалдах цахилгааны тарифыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 84.37 төгрөг/кВт.ц байхаар Засгийн газраас баталсан аж. Харин уг тогтоолыг сайд Д.Зоригт хэрэгжүүлэхдээ эх үүсвэрийг санхүүжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн байхад Эрчим хүчний зохицуулах хороонд үүрэг, чиглэл өгч нэмжээ.
“ДЦС-IV”-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.ЦЭВЭЭНИЙГ ШАЛГУУЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ
“ДЦС-IV” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 мегаВаттаар нэмэгдүүлсэн. Ингэснээр тус станцын нийт хүчин чадал 703 мВт болоод буй. Уг төслийн хүрээнд шинээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх турбогенератор суурилуулсан ч өдгөө түүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй байгааг манай сонин өнгөрсөн дөрөвдүгээр сард /“Өнөөдөр” сонин. 2017.04.24. Дугаар 093 (6086)/ олон нийтэд хүргэж байв.
Уг турбогенераторыг хөргөж байх ёстой “Хөргөх цамхаг-4”-ийг барихдаа чанарын шаардлага хангаагүйгээс болсныг Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар ч баталжээ. Тус газраас АТГ-т хүргүүлсэн дүгнэлтэд “ДЦС-IV” ТӨХК-д хэрэгжсэн, хөргөх цамхаг байгуулах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь хууль журмын дагуу ажлаа зохион байгуулаагүй, чадваргүй гүйцэтгэгч шалгаруулж, чанаргүй байгууламж бариулснаас хойш нэмж 3.6 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан боловч өнөөг хүртэл үр дүнг нь гаргаагүй байна.
Мөн тус станцын “ПТ-80-130 ТГ-6” турбины хүчин чадлыг 20 МВт-аар нэмэгдүүлсэн шинэчлэлийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа, ашиглалтад оруулах үйл явц хууль тогтоомжийн хүрээнд хийгдээгүй гээд захирлаар ажиллаж байсан Б.Цэвээнийг шалгуулах санал АТГ-т хүргүүлсэн байна.
Уг хөргөх цамхгийг барих ажил анхнаасаа мордохын хазгай гэгч болсон гэхэд хилсдэхгүй. 2011 онд БНХАУ-ын “Анненг повер стэшн экүюипмент групп лимитэд”, “Шан ши хуатонг электрик повер энд инженеринг” болон Улаанбаатар хотын Барилга, зам, гүүрийн корпорацтай 3.89 сая ам.долларын үнэлгээтэй шууд гэрээг тус станц байгуулсан аж. Улмаар зургийн болон технологийн даалгаваргүйгээр барьж эхэлжээ.
Мөн Хятадын дээрх хоёр компани барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авалгүй, ажлаа гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн талаар Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд дурджээ. Хөргөх цамхаг барих ажлын гэрээг 2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээн, ерөнхий инженер М.Амарбаясгалан, Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах, хуулийн мэргэжилтэн Д.Ган-Эрдэнэ, менежер Г.Баяраа нар дүгнэж, Хятадын компани ажлаа бүрэн хийж дуусган хүлээлгэн өгсөн тул 194.46 мянган ам долларыг гүйцэтгэгч талд шилжүүлье хэмээн шийдвэрлэсэн байгаа юм.
Хөргөх цамхаг байгуулах төсөл нь технологийн хувьд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чухал ажил байсан боловч захиалагч байгууллага нь хууль журмын дагуу ажлаа зохион байгуулаагүйгээс өнөөг хүртэл үр дүн гарсангүй. Хөргөх цамхаг ажиллагаанд ороогүй тохиолдолд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өргөтгөсөн ТГ-6 турбин генераторыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломжгүй болох эрсдэл үүссэн гэдгийг аудитын дүгнэлтэд дурджээ.
Ашиглах боломжгүй энэ цамхгийг 2011-2012 онд үндэсний шилдэг бүтээн байгуулалтын нэг хэмээн өргөмжилж байв. Төрийн гэрэгэ Ерөнхийлөгчөөс хүртсэн, улс оронд хэрэгтэй турбогенераторыг ийнхүү ашиглаж чадахгүй байгаа нь тус станцад удирдах албан тушаал хашиж байсан эрхмүүд, тэдний гар хөл болсон нөхдийн төрийн өмчийн хөрөнгөөс хумсалж, баяжих аргаа болгосонтой ч холбоотой байх магадлалтай тул хууль хяналтын байгууллага Үндэсний аудитын газрын дүгнэлтэд үндэслэн нарийвчлан шалгах биз ээ.