Мөрийтэй тоглоом, бооцооны хэргээр цэнхэр дэлгэцнээс шахагдсан мэргэжлийн сүмо эргэн ирлээ. Өчигдөр Токио хотын “Кокүгикан” ордонд намрын тэмцээн эхлэв. Японы NHK телевиз тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж, эзэн хааны болон Ерөнхий сайдын цом эргэн ирж, сүмогийн хорхойтнуудын магнай тэнийсэн.
Тэмцээний эхний өдөр сүмогийн холбооны тэргүүн Ханарэгома ояката үзэгчдийн өмнө толгой бөхийлгөн, бөхчүүд элдэв хэрэгт орооцолдсон талаар ярьж, уучлал гуйлаа. Энэ тэмцээн сүмогийн холбооны хувьд үхэх сэхэхээ үзэх башё болно.
Хэрэв есдүгээр сард дахин хэрэг түвэг гарваас ивээн тэтгэгчид дахин уучлахгүй биз ээ. Энэ тэмцээний гол сэдэв их аварга Хакүхо хэд дараалан ялах бол гэдэг асуудал. Эхний өдөр тэрбээр нутгийн бөх Какүрюүтэй тааран, зовох юмгүй дэвжээнээс түлхэн гаргалаа.
47 дараалан ялаад байгаа Хакүхо хэрэв өвдөг шороодохгүй бол тэмцээний зургаа дахь өдөр Чиёнофүжигийн 53 ялалттай зэрэгцэн, сүмогийн түүхэнд хоёрт бичигдэх юм. Өчигдрийн байдлаар аварга, арслангууд бүгд ялсан. Харүмафүжигийн гэмтэл эдгэрч, Барүтогийн барцад арилбал тэд л Хакүхог зогсоох учиртай.
Э.ГООМАРАЛ