
Сүхбаатар дүүргийн нутаг, БСШУСЯ-ны ард байрлах 64 дүгээр байрны VI орцны нэгэн оршин суугч өчигдөр 10.45 цагийн орчимд барьж явсан ууттай хогоо хогийн цэгээс 10 метр хүрэхгүй орчимд шидчихээд явчихав. Энэ хогийн цэгийг хянадаг камер уг зөрчлийг удирдлагын төвдөө мэдээлснээр ил болсон юм. Тус дүүргийн ЗДТГ-ынхан хорооных нь “Эко эргүүл”-ээр дамжуулан тухайн иргэнд нэг удаа сануулах арга хэмжээ авч, дахин хог хаявал торгууль ногдуулахаар болжээ.
Нийтийн эзэмшлийн гудамж, авто замыг камераар хянаж байсан уу гэхээс хогийн цэгийг ийн хяналтдаа авч, зөрчил гаргасан хүнд арга хэмжээ авч байсан тохиолдол үгүй. Дүүргүүдийн тулгамдсан асуудлын нэг нь хог хаягдал байдаг тул Сүхбаатар дүүргийн удирдлага бэрхшээлээ шийдэхээр БНСУ-аас туршлага судалж, “Хог хаягдлын ухаалаг систем” ашиглалтад оруулав. Энэ хүрээнд тус дүүргийн ЗДТГ-ынхан хогоо ангилан ялгаж, хаягдал цаасаа үйлдвэрт тушаан, оронд нь ажилчдынхаа хэрэглээний ариун цэврийн болон амны цаасаа үнэгүй авч, төсвийн хөрөнгийг хэмнэх болжээ.
Тус дүүрэг нь 140 гаруй мянган оршин суугчтай. Дүүргийн I-X хороонд оршин суугчдын 40 орчим хувь нь амьдардаг бөгөөд тэнд төрийн болон төрийн бус томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг учир автомашины эд анги хулгайлах, байрны булан тохойд хог хаях гээд зөрчил олон гардаг аж. Түүнчлэн оройн цагаар дээрэм, танхайн хэрэг олон гардаг гэнэ. Тиймээс уг дүүргийнхэн дээрх асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд зөрчилхамгийн их үйлдэгддэг 25 байршилд чингэлэг байрлуулж, хяналтын хоёр камер, гэрэлтүүлэг шинээр суурилуулсан байна. Улмаар ЗДТГ-таа хяналтын төв байгуулж, хоёр хүнийг 24 цагаар ажиллуулж эхэлжээ.
Хоёр камерын нэг нь зөвхөн хогийн цэгийг “хардаг” юм байна. Харин нөгөө нь 360 градус эргэдэг бөгөөд орчныхоо нэг км орчим газрыг хянах үүрэгтэй. Хог хаясан эмэгтэйг энэ камер “ховлосон” юм. Тус дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хог хийх савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас шалтгаалан гадуураа асгарч, орчноо бохирдуулах нь элбэг. Орон гэргүй иргэд сав ухаж, хаягдлыг нь хаа сайгүй цацахаас авахуулаад бэрхшээл мундахгүй. Энэ мэт зөрчлүүдийг арилгахаар дүүргийн Засаг даргын санаачилгаар шинэ менежмент нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсний үр дүн нь энэ юм. Хогийн цэг орчмын хөрс маш их бохирдолтой байдаг. Тиймээс бид чингэлэг доорх талбайг бетондож, хөрсөнд элдэв бодис нэвчиж, бохирдуулахаас сэргийлсэн. Үүнээс гадна хяналтын камерууд орон сууцны хороолол орчимд гардаг хулгайн хэргийг ч илрүүлэх болсон. Цаашид зуслангийн бүсэд уг системийг нэвтрүүлнэ” хэмээв. Уг системийг ашиглалтад оруулснаар хог тээврийн компаниуд төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах нь багасах давуу талтай. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй, дүүргүүдтэй гэрээ байгуулсан хог тээврийн компаниуд нэг удаагийн эргэлтдээ 136 000 төгрөг авдаг гэнэ. Харамсалтай нь, тэдэн дунд нэг удаа хог ачаад, гурван удаа явсан хэмээн төсвийн хөрөнгөнөөс их хэмжээгээр завшдаг байгууллага цөөнгүй аж. Харин хогийн цэгийг ийнхүү камержуулснаар тэдний үйл ажиллагаа хангалттай сайн, эсэх болон хогоо тогтмол ачиж байгаа, үгүйг мэдэх боломж бүрдэв.
Дашрамд дурдахад, 25 байршлыг тохижуулж, камержуулахад дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 300 сая төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, нэг цэгийг 12 сая төгрөгөөр байгуулсан байна. Үүний дийлэнх нь камержуулалтад зарцуулагдсан аж. Өдгөө нийслэлд байгаа хяналтын камерууд дүрсний нягтаршил муутай, гэмт хэрэгтнийг илрүүлэхэд үр дүнгүй байх нь элбэг. Тэгвэл дээрх цэгүүдэд байрлуулсан камерууд өөртөө гэрэлтүүлэгтэй, байгалийн ямар ч нөхцөлд тасралтгүй ажиллах чадвартай юм байна.