Ням гаригийн үдэш Лос-Анжелес хотноо “MTV Video Music Awards” буюу MTV хөгжмийн сувгийн шилдэг клип шалгаруулах ёслол боллоо.
Дуучин Эминем, Рианна нарын энэ зуны хит “Love the Way You Lie” болон “Not Afraid” дуугаар эхэлсэн энэ үдшийн “сор” нь этгээд гадаад төрхөөрөө алдаршсан поп хатагтай Лэди Гага байсан юм. Түүний уран бүтээл нийт 13 төрөлд нэр дэвшсэнээс, Гага найман цом өвөрлөн буцсан.
Хамгийн нэр хүндтэй “Шилдэг эмэгтэй дуучны клип” төрөлд тэрбээр “Bad Romance” дуугаараа тэргүүлснээр каунтри гүнж Тейлор Свифтийг ардаа орхисон юм. Түүнчлэн Бьонситэй хамтран дуулсан “Telephone” дуу нь “Шилдэг хоршил” шагнал хүртэв.
Энэ жилийн наадмын шилдэг шинэ залуу дуучнаар 16 настай канад хүү Жастин Бибер тодорлоо. Шилдэг хип хоп дууны төрөлд реппер Эминем “Not Afraid” бүтээлээр, рок дууны төрөлд “30 Seconds To Mars” хамтлагийн “Kings and Queens” дуу шалгарлаа.
Сонирхуулахад, дуучин Лэди Гага энэ үдэш найман цомын эзэн болсноор нэг дор хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчдийн хоёрдугаарт орж байна. 1987 онд дуучин Питер Габриэл 10 шагнал хүртэж дээд амжилтын эзэн болсон аж.
Ж.ХУЛАН