Хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн чанар чансааг сорихын зэрэгцээ, улсын хөгжмийн хөмрөгийг шинэ бүтээлээр баяжуулдаг 28 дахь “Алтан намар” ирэх сарын 3-нд болох гэж байна.
Наадмын бүртгэл Хөгжмийн зохиолчдын холбоон дээр явагдаж байгаа ба одоогийн байдлаар гурван хөгжмийн зохиолч бүтээлээ бүртгүүлээд байгаа аж.
Наадамд зохиолчид симфони, сьюит гэх мэт бүх төрлийн том хэлбэрийн бүтээлээрээ өрсөлдөх боломжтой. Жил бүр “Алтан намар” наадмын шилдэг бүтээлээс сонгон 50 сая хүртэлх төгрөгөөр улсын санд худалдан авдаг уламжлалтай.
Харамсалтай нь эл хөрөнгө зохиолч, уран бүтээлчдийн гарт бүрэн хүрдэггүй гэсэн таагүй мэдээлэл байдаг билээ. Энэ жилийн наадам ДБЭТ-т болох ба тус театр өвлийн улиралын нээлтээ хийсний маргааш нь “Алтан намар” зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж.