
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, "Хоггүй монгол" ТББ, "Сан-Оргиу" ХХК, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран "Гялгар уутгүй сар шинэ" уриалга гаргаж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Гялгар уут ил задгай хаягдсан тохиолдолд 500-гаас дээш жил хөрс усыг хордуулж, шатаавал авто машины дугуй шатсанаас ч илүү хорыг агаарт цацдаг. Гялгар уутыг хэрэглээнээсээ хасах нь байгаль дэлхий, эх орныхоо төлөө хийх хамгийн энгийн хэрнээ том үйл юм гэж мэргэжилтнүүд сануулдаг. Тэд гялгар уутнаас татгалзахыг уриалахын зэрэгцээ хэрэглэсэн тохиолдолд яаж хаях ёстой талаар мэдээлэлдээ онцоллоо.
Хоггүй Монгол ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам хэвлэлийн хурлын үеэр мэдээллэхдээ "Энэ чиглэлээр ажилладаг 4 байгууллага хамтраад "Гялгар уутгүй шинэлэе" уриалга дэвшүүлж байна. Гялгар уутыг аль болох хэрэглээнээсээ хасах хэрэгтэй. Зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд гялгар уутаа хаяхдаа цэвэрлээд нэгийг нь нөгөөд хийж зангидаж хэвшвэл дараагийн шат дамжлагын хүмүүсд асар нэмэртэй байдаг. Дахин боловсруулах ажил амаргүй тул энэ нь дэмтэй.

Гялгар уутны байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг дурдвал тоймгүй их. Цухас дурдахад нийлэг уутыг полиэтилейн гэх химийн бодисоор хийдэг бөгөөд нимгэн байх тусмаа хоруу чанар их байдаг. Манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа 8%-ийг л дахин боловсруулдаг. Тиймээс үлдсэн 92% нь шууд байгальд хаягддаг гэсэн үг. Гэтэл гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500 гаас дээш жил болдог. Энэ хугацаандаа нар, салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж хөрсний усыг хордуулахаас гадна шатсан тохиолдолд авто машины дугуй шатсантай тэмцэх хэмжээний хорт хий \хар тугалга\ ялгаруулдаг гэдгийг олон улсын эрдэмтдийн судалгаанд онцолсон байдаг.
Эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг үзвэл
- 2015 онд 1.8 сая$ буюу 3 тэрбум 585 сая
- 2016 онд 2,9 сая$ буюу 7тэрбум 311сая
- 2017 оны эхний 9 сарын байдлаар 1,9 сая доллар буюу 4 тэрбум 655 сая төгрөгөөр гялгар уут импортолсон байна.
Сүүлийн 2,9 жилийн хугацаанд 6 сая 790 мянга 200 доллар буюу 16 тэрбум 635 сая 990 мянган төгрөгөөр нийлэг уут импортлосон байна. Хамгийн харамсалтай нь ийм хэмжээний мөнгөөр нийлэг уутыг импортлочихоод дөнгөж 8 хувийг л дахин боловсруулж бусад нь байгальд хаягдсан байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улс орнууд нийлэг уутны хэрэглээг хязгаарласан хуультай байна. Тухайлбал, Африкийн 15 улсад нийлэг уутыг хориглох хууль тогтоомж болон татварын бодлого үйлчилж байна. Хамгийн сүүлд кени улс нийлэг уут импортолх болон бусад тохиолдолд 40.000 доллараар торгох болон 4 жил хүртэл хугацаанд хорих хууль баталсан.
Манай улс нийлэг уутанд тавьдаг бодлогын хувьд Г.Батхүү 2009 онд УИХ-ын гишүүн байхдаа “Зарим нийлэг хальсан уутыг хориглох” тухай хуулийг санаачилж батлуулсан. Тус хуулинд 0,025 мм-ээс нимгэн нийлэг уутыг импортлохыг хориглосон байсан ч тухайн хууль бүрэн хэрэгжиж чадахгүй байсаар 3 жилийн дараа буюу 2012 онд Дэмбэрэл гишүүний гарын үсэгтэй тогтоолоор хүчингүй болсон байдаг. 2017 оны 5 сард хог хаягдлын тухай тухай хуулийн шинэчлэсэн найруулга батлагдсан боловч өнөөдрийг хүртэл тухайн хуулийг дагаж мөрдөж журам батлагдаагүйгээс гадна аюултай хог хаягдлын нэрсийн дарааллыг Засгийн Газар гаргаж өгөөгүй.
Нийлэг уут импортлогчдод татвар нэмэгдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг бодлогын хэмжээнд дэмжих, бүх шатандаа хогоо ангилж ялгадаг болох, байгальд ээлтэй сав баглаа боодол үйлдвэрлэгч болон импортлогчдыг дэмжих, Дэлхийн жишиг дагуу нийлэг уут, хувцанцарын хор хөнөөлийг олон нийтэд байнга сурталчилах, энэ төрлийн хэрэглээнээс татгалзахыг уриалж байна.
Монгол хүний дундаж наслалт 65. Гэтэл бидний хаясан нэг гялгар уут 500-гаас дээш жил хөрс усыг хордуулдаг. Тэгэхээр таны хаясан нэг л гялгар уут 8-9 үеийг тань хордуулсаар байх юм.
Аливаа зүйл нэг л өдөрт өөрчлөгддөггүй. Дахин боловсруулах үйлдвэр байхгүй, бүх хогийг хамт ачдаг юм чинь иргэд хэчнээн ялгаж хаяад нэмэргүй гэх мэтээр олон хүн шалтгаан хэлдэг. Гэсэн ч хүний амьдралын хэмнэл хандлага маш удаан өөрчлөгддөг. Та өнөөдөр хогоо ангилж ялгахад анхаарч дадлаа өөрчилж эхэлвэл таны үр хүүхдийн хандлага өөрчлөгдөж ирээдүйн хоггүй монгол улсын үндэс тавигдах юм" гэв.