
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг сүүний үйлдвэр дутагдалтай учраас хэрэглэж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг гадаадаас импортолж байна. Энэ бол малын тоо толгойгоороо дэлхийд тэргүүлэгч манай орны хувьд таагүй явдал. Тиймээс сүүний фермер, боловсруулах үйлдвэрүүд, мэргэжлийн холбоод хамтран салбартаа тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, шинэ шатанд гаргах, үнээний эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэртэй хэрхэн холбох, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар “Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалтын үеэр өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Стратегийн ач холбогдолтой хүнс болох эрүүл сүү, сүүн бүтээгдэхүүнийг иргэддээ нийлүүлэхэд дэлхийн нэлээд олон орон голлож анхаардаг аж. Тиймдээ ч тариалангийн бүс нутагтаа нэг наст болон олон наст тэжээлийн ургамал тарих бодлого баримталж эрчимжсэн мал аж ахуйг дэмждэг гэнэ. Гэтэл манайд төрийн дэмжлэг төдийлөн хангалтгүй байдгийг Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл ярив. Хүнсний тухай хуулийн 8.3-т “Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно” гэж заасан байдаг атал сүү нийлүүлэгчдэд төрөөс урамшуулал төдийлөн олгодоггүй гэнэ. Тиймээс жилийн дөрвөн улиралд биш юмаа гэхэд өвөл боловсруулах үйлдвэрт нийлүүлж буй сүүний литр тутамд төрөөс татаас олгох, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх, зарим хуульд өөрчлөлт оруулах санал, зөвлөмжөө Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ.