
Авьяас, ур чадвар харамгүй заяасан ч түүнийгээ өнгөлж, тордохгүй бол өөдөлж дэвшихгүй, “өдөлж нисэхгүй”. Манай улсын шинжлэх ухааны салбар яг л үүнтэй ижил, хүндхэн нөхцөлд буйг хэн хүнгүй хэлдэг. Эрдэмтэн, судлаачдынхаа чансаагаар дэлхийд муугүй үнэлэгддэг ч тэднийхээ хэргийг гаргахдаа хойрго, төр, засгаас ч дорвитой дэмжиж, урамшуулах механизм байдаггүй гэсэн шүүмжлэл олон гардаг. Ямар сайндаа л судалгааны цар хүрээ, олдворынхоо нөөцөөр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг, шинжлэх ухааны гол салбар болох Палеонтологи, геологийн хүрээлэнгийнхний байрыг Засгийн газар нь “дээрэмдэж”, өөр байгууллагад шилжүүлэх вэ дээ. Дэлхийн хөгжингүй орны судлаачид илүү ихийг хийж бүтээж, аж үйлдвэрийн IV хувьсгалд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Харин манайхан “Бид байртайгаа л үлдэхийг хүсэж байна” хэмээн төрдөө “тоогдох” гэж зүдэрч явна. Бодит байдал ийм л буй. Шинжлэх ухааны салбарыг тойрсон зовлон, бэрхшээлийг тоочоод байвал сонины нэг нүүр байтугай нэжгээд хуудас шаардлагатай тул энэ тухай өгүүлэхээ алгасъя. Харин эрдэмтэн, судлаачдаа дэмжээд, бүтээе, болгоё гэсэн гал мэт дүрэлзсэн хүсэлд нь “тос” нэмбэл тэд ямар хариу барьдгийг нэгэн баримтаар дэлгэрүүлье.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл уржнан “Шинжлэх ухааны салбарт зарцуулах төсөв 2012 оноос хойш нэмэгдээгүй, өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 40 хувиар багассан. Олон улсад гарсан тооцоо судалгаагаар бол Азийн орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг энэ салбарт зарцуулдаг. Харин манайх үүнээс 10 дахин бага хөрөнгө зарцуулсаар ирсэн. Бид шинжлэх ухаанд оруулж буй хөрөнгөө даруй нэмэгдүүлэхгүй бол салбарын хөгжлөөс хол гээгдэнэ” хэмээн өгүүлж байв. Харин саяхан болсон Шинжлэх ухааны салбарын их чуулганы үеэр тэрбээр “Салбарын төсвийг 2016, 2017 онд бага боловч нэмсэн. Цаашид ч өсөх байх. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөнд энэ хөрөнгийг ирэх жилүүдэд тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан” гэсэн гэгээлэг мэдээ дуулгасан. Эрдэмтэд “Чамлахаар чанга атга” хэмээн баярлацгааж байна.
Эх сурвалжийн хэлснээр салбарын төсөв 2016 онд өмнөх жилийнхээс 2.8, 2017 онд 3.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ жил гэхэд өмнөх оныхоос гурван тэрбумаар өссөн гэнэ. Гэсэн ч бидний хаяж буй хөрөнгө олон улсын жишигтэй харьцуулахад тэртээ хол байгааг эрдэмтэд онцолсон юм. ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар “Бид өдгөө ДНБ-ийхээ 0.16 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг л энэ салбарт зарцуулж байна. Үүнийг ядаж нэг хувьд хүргэчихээсэй” гэж арга ядсан байртай хэлсэн. Хамгийн гол нь, шинжлэх ухаанд “хаях” хөрөнгө үл ялиг нэмэгдэх төдийд л манай эрдэмтдийн бүтээмж эрс сайжирч, түүгээр ч зогсохгүй салбарын орлого огцом нэмэгджээ. Савыг нь зэхээд өгвөл саалийг харамгүй хурааж чадахаа тэд үүгээр баталлаа.
Баримт дурдъя. Манай эрдэмтэн, судлаачид 2017 онд эрдэм шинжилгээний өгүүлэл 718 (гадаадад 227), патент, технологийн заавар ес, стандарт 12, аргачлал 23, ТЭЗҮ, ашигтай загвар хоёрыг “үйлдвэрлэжээ”. Эдгээр нь цөм өмнөх оныхоос 2-9 хувиар өссөн үзүүлэлт. Харин салбарын орлого (зөвхөн хүрээлэнгүүд) 3.7 тэрбум төгрөгт хүрсэн нь урьд жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн дүн. ШУА-ийн харьяа 10 хүрээлэн ийм орлого төсөвт төвлөрүүлжээ. Сонирхуулбал, Одон орон, геофизикийн хүрээлэн хамгийн өндөр буюу 1.4 тэрбум, Олон улсын харилцааных хамгийн бага буюу 12.7 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. “Шинжлэх ухаанд зарцуулж буй хөрөнгө хангалттай байж гэмээнэ тухайн улсын эдийн засагт нөлөөлж, үр дүнтэй байна. Түүнд хүрэхгүй бол нийгэм, соёлын нэг үзэгдэл төдий зүйл болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, ач холбогдол, үр нөлөөгүй” хэмээн академийн ерөнхийлөгчийн хэлсэн нь салбарын орлого огцом өссөн дээрх баримтаар нотлогдож буй юм.
“Тоо томъёо, бичиг цаастай зууралдахаас цаашгүй. Судалгаа нь бодит ажил хэрэг болдоггүй. Санаачилсан төсөл, нэвтрүүлэх технологи нь эдийн засгийн тооцоололгүй, практикаас хол байдаг” зэрэг шүүмжлэл энэ салбарынхныг ихээхэн харлуулдаг. Тийм тохиолдлууд ч бий. Гэхдээ санхүүгийн хараат байдлаасаа болоод гадаадынхны гар хардаг, судалгааны бүтээл нь “царцсан” эрдэмтэн үүнээс хавь илүү байдгийг салбарынхан онцолж байна. Шинжлэх ухааны нээлт, бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй л бол хэчнээн хэрэгтэй, чухал байгаад нэмэргүй билээ. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар овоглосон, байнд ч үгүй, банзанд ч үгүй гэмээр цөөн хэдэн төгрөгийн элдэв тэтгэлэг жил бүр олгож байхаар шилдэг санаа, инновацыг бодит ажил болгоход анхаарвал зүгээр сэн. Мөн салбарын төсвийг дэлхий нийтийн жишигт хүргэдэггүй юм гэхэд өмнөх жилүүдээс дордуулахгүй байхад анхаараасай. Үүний хариуд эрдэмтэд том бэлэг барих нь дамжиггүй.
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “Өнгөрсөн оныг “Хүрээлэнд хүрч ажиллах жил болгон зарлаж, шинжлэх ухааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэн, судалгаа хийх орчин, материаллаг баазыг сайжруулж, суурь бүтцийг бэхжүүлэхэд анхаарснаар дорвитой ахиц гаргасан” хэмээн дүгнэсэн юм. Салбарын төсөв нэмэгдэхийн хэрээр хүрээлэнгүүдэд хуваарилах хөрөнгө ч өсөх нь ойлгомжтой. Энэ зүй тогтлоор бол салбарын төсөв цаашид нэмэгдсээр байвал ШУА хүрээлэнгүүддээ ганц жилд бус, байнга санаа тавьж, хүрч ажиллах боломж бүрдэх юм. Судалгааны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, дэмждэг Шинжлэх ухаан технологийн сан инновацын бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй гадаадын зах зээлд эргэлтэд оруулж, борлуулан, дамжуулахад эрдэмтэдтэй хамтардаг нь ч салбарынханд чухал дэмжлэг болдог юм байна. Өнгөрсөн онд хүрээлэнгүүдээс төвлөрсөн 3.7 тэрбум төгрөгийн 1.3 нь энэ сангийнхны дэмжлэгтэй байжээ. Харин энэ онд тэд хэчнээн төслийг санхүүжүүлж, манай эрдэмтэд хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх бол.
.png)
.png)