
-Өдөр өнжүүлэх төвүүд стандартгүй, хяналтгүй үйл ажиллагаа явуулдаг-
Ирэх есдүгээр сарын 1. Шинэ хичээлийн жил эхэлж, охин минь нэгдүгээр ангийн сурагч болно. Ажлаасаа гараад охиноо сургуульд нь зөөх үү, эвсэл өдөр өнжүүлэхэд өгөх үү гэсэн сонголттой яалт ч үгүй нүүр тулах нь. Ажлаа хийнгээ охиноо сургуульд нь хүргэж, авна, хичээлийг нь хийлгэнэ гэдэг үлгэр. Хоёр гуравхан цаг хичээллээд тарахад нь замын түгжрэл, агаарын бохирдолд уураа барж, эцэстээ ажил нь гавихгүй, амьдрал нь өөдлөөгүй залуус хаа сайгүй. Бага ангийнхны хичээл эхлэх, тарах нь ажлын цагтай давхцахаас эхлээд хүүхэд харах хүнгүй, өдөр өнжүүлэхийн төлбөрийг дийлэхгүй залууст энэ асуудал “шүдний өвчин” болоод байна. Эрэлт дагаж ихэссэн үйлчилгээ нь өдөр өнжүүлэх төв. Харамсалтай нь, тэдгээр төв нь аль ч яамны эрхлэх асуудалд хамаарахгүй бөгөөд тусгай зөвшөөрөл олгох газаргүй, нэгдсэн журам стандартгүй, хяналтгүй үйл ажиллагаа явуулдаг аж. Хамгийн хайртай үр хүүхдээ бид хэний гарт өгч буйдаа төдийлөн анхаарал тавьдаггүй нь хачирхалтай. Аль сургууль нь сайн бэ гэж ам уралдан асуудаг хэрнээ гэртээ байхаас илүү цаг өнгөрүүлдэг газар нь ямар вэ гэдгийг бараг л судалдаггүй. Сургууль, гэртээ ойрхон, үнэ нь хямдыг сонгох нь түгээмэл. Тэгвэл 5-10 насандаа хүүхэд амьдралыг илүү ихээр судалж, танин мэдэхийг хичээдэг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон. Энэ үед хүүхдийн логик сэтгэхүй болон оюуны чадамж эрчимтэй хөгждөг. Хүүхэд тухайн насандаа түүний үйлдэлд бусад хүн ямар хариу үзүүлж байна, мөн бусдын эерэг хандлагыг өөртөө хэрхэн төрүүлж, сөргөөс нь зайлсхийх талаар таамаглаж сурах ёстойг сэтгэлзүйч хэлэв. Ийм насанд хамт олон хамгаас чухал нь харагдаж буй. Тиймээс өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг өдөр өнжүүлэхийн багш, ангийнхан нь ямар байна тухайн хүүхэд тийм болж төлөвших нь түгээмэл гэнэ.
“Энэ бол хүүхэд хамгаалах, хөгжүүлэх, асрахтай холбоотой нарийн ажил. Хүүхдийн насны онцлог, эцэг, эхийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Хэрэв ийм үйлчилгээ үзүүлж чадахгүй бол хүүхдийн оюун ухаан, бие бялдар, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Балчир насандаа авсан шарх, буруу үлгэр дуурайл, асуудал нь ирээдүйд ямар иргэн болох вэ гэдэгт нөлөөлдөг. Аав, ээжүүд ямар хүнд хүүхдээ даатгаж байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. “Би ажилтай учраас хүүхэд харж бай” гэсэн хандлагатай байх нь буруу” гэж Монголын хүүхэд хөгжүүлэх төвүүдийн нэгдсэн холбооны тэргүүн П.Ганцэцэг ярив. Тэрбээр сэтгэлзүйч мэргэжилтэй ч хүүхэд нь сурагч болоход ажлаасаа татгалзах, эсвэл хүүхдээ “орхих” гэсэн сонголтын өмнө иржээ. Өөрт болон өрөөлд тулгарсан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өдөр өнжүүлэх төв нээсэн гэнэ. 2015 онд ийм төвүүдийг нэгтгэн холбоо байгуулсан бөгөөд 30 гаруй төв бүртгэлтэй байдаг аж. Тэд өдөр өнжүүлэх төвийн багш нарыг чадавхжуулах сургалт явуулдаг гэнэ. Сайн дурын үндсэн дээр байгуулсан энэ холбооноос өөр харьяалах газар өдөр өнжүүлэх төвүүдэд одоогоор алга. Өөрөөр хэлбэл, эрэлт ихсэхийн хэрээр “эзэн”-гүй үйлчилгээ газар авсаар байгаа юм. Хүүхдийг харж, хамгаалах, боловсрол олгох, хөгжүүлэх, эрүүл хоол хүнсээр хангах гээд маш чухал үйлчилгээ үзүүлж буй дээрх төвүүд БСШУСЯ, ХНХЯ, Эрүүл мэндийн яам, тэр ч бүү хэл, аль нэг хэлтэст харьяалалгүй, шоовдор хүүхэд шиг хэдий болтол явах вэ.
.jpg)
Багачуулыг өдөржин зүгээр суулгах биш, хөгжүүлэх учиртай тул өдөр өнжүүлэх гэснийг халж, хүүхэд хөгжүүлэх төв болгон сольж нэрлэснээ П.Ганцэцэг онцолсон. Тэрбээр “Өмнө нь ийм төвүүдийг хүүхэдтэй ажилладаг, мэргэшсэн хүмүүс эрхэлдэг байсан бол одоо хэн дуртай нь үйл ажиллагаа явуулдаг болжээ. Үүнээс болж хүүхэд хохирч байна. Ийм төвүүд нь хүүхдийг зам, тээврийн осол, хүчирхийлэл, хулгай дээрэмд өртөхөөс хамгаалж, ядаж л гэртээ ганцаараа үлдэхээс сэргийлж байгаа ч үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг чадавхжуулах хэрэгтэй. Манай холбоо нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран өдөр өнжүүлэх 200 гаруй газрыг судалсан. Нэг сургуулийн ойролцоо 5-6, зарим газарт нь 10 гаруй ийм төв ажиллаж байна. Улсын нэгдүгээр болон 23 дугаар сургуулийн багш нарын олонх нь өдөр өнжүүлэх төв ажиллуулдаг. Захирал нь багш нараа ийм үйл ажиллагаа явуулахыг огт зөвшөөрдөггүй сургууль ч бий. Бид 2016 онд нийслэлийн Боловсролын газраар дамжуулан дүүргийн харьяа хэлтсүүдэд “Багш нарыг өдөр өнжүүлэх төв ажиллуулахгүй байхад анхаарал хандуулна уу” гэсэн утгатай хүсэлт явуулсан ч одоо хүртэл энэ асуудал бүрхэг хэвээр байна. Багш нар өөрсдөө хичээлтэй учраас орондоо мэргэжлийн бус хүн ажиллуулж буйд асуудлын гол нь байгаа юм” гэв.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрынхан Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн нөхцөл, байд- лын суурь судалгааг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-21-нд хийжээ. Тус газрын Хүүхдийн амралт, чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэл “Судалгаанд нийслэлийн найман дүүргийн өдөр өнжүүлэх 213 төвийг хамруулсан. Тэнд 4732 хүүхэд хамрагдаж байна. Судалгааг тусгай маягтын дагуу авсан бөгөөд тухайн төвийн ажилтны мэдээлэл, дотоод үйл ажиллагаа, байрны орчин, аюулгүй байдал, эрүүл ахуй, гал тогооны хэрэгслийг нэгбүрчлэн үзэж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн, эсэхэд нөхцөл, байдлын үнэлгээ хийсэн. Одоогоор нэгдсэн дүн гараагүй” гэв. Өдөр өнжүүлэх төвүүдийн 86 хувь нь уртасгасан цагаар ажиллаж, хүүхдүүдэд халамж, үйлчилгээ үзүүлж буй. Энэ хугацаанд хүүхдийн нас, сэтгэл зүй, сэтгэхүйн онцлогт тохируулж бүхий л хэрэгцээг ханган ажиллах шаардлага тулгарч байгааг судалгаанд онцолсон байна. Мөн тэднийг сургалт, арга зүй, мэргэжлийн ур чадварт суралцуулах, чадавхжуулах, орчин үеийн мэдээллээр хангах зайлшгүй хэрэгцээ байгааг ч дурджээ. Анхаарал татсан өөр нэг асуудал нь багш нарын эрхэлж буй өдөр өнжүүлэх төвүүд сургууль дээрээ үйл ажиллагаа явуулдаг, ангийнхаа хүүхдүүдийг авдаг, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг зэрэг цөөнгүй зөрчилтэй байж. Гэвч тэдний үйл ажиллагаа явуулах журам, стандарт, хянах байгууллага байхгүй учраас ийм, тийм гэж хэлэх боломжгүй юм.
Ямартаа ч тэд Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой хууль, журмыг биелүүлэх ёстой. Гэтэл мэргэжлийн тогоочгүй, цонх, агааржуулагчгүй, эрүүл, аюулгүй орчингүй, тоглоомын өрөөгүй, тэр ч бүү хэл, гэрийн даалгаврыг багш нь өөрөө бодчихоод хүүхдүүдээр хуулуулдаг, хатсан боорцог өгдөг гээд асуудал бий гэнэ. Нэр бүхий нэгэн өдөр өнжүүлэх төвийнхөн ээж нь ирээд хүүхдээ аваад явсныг ч мэдэхгүй, “эрэн сурвалжилж” байсныг бодоход ийм газруудын үйл ажиллагааг хянах, хариуцлагатай байлгахад зайлшгүй анхаарах хэрэгтэй. Ажил, амьдралаа зохицуулах боломж олгож буй ийм төвүүд эцэг, эхчүүдэд хамгийн их тустайг үгүйсгэх гэсэнгүй. Харин үйл ажиллагаагаа улам сайжруулж, аав, ээжүүд ч хайртай үрсээ хэнд даатгаж, ямар газар үлдээж буйдаа анхаарал тавихад илүүдэхгүй биз.