Хэрхэн гуалиг болох талаар бичигдсэн зөвлөгөөний тоог гаргахын аргагүй юм. Гэхдээ л илүүдэл жингийн асуудалтай хүн бүр заавал анхаарах ёстой мэдээллийг толилуулж байна.
Дасгал
Биеийн хүчний дасгалыг хамгийн дээд тал нь 1,5 цаг хийх хэрэгтэй. Харин хамгийн багадаа 40 минут. Түүнээс 20 минут нь зүрхэнд ачаалал өгсөн идэвхитэй хөдөлгөөн давамгайлсан дасгалууд байх ёстой. Ийм дэглэмээр биеийн хүчний ачааллыг 1,5 цагаар долоо хоногт гурван удаа өгөхөд сардаа 2-3 кг хасах боломжтой. Илүүдэл жингээ хасахыг хүссэн хэн ч тийм хялбар турчихгүй. Спортын төрлүүд маш олон бөгөөд урт хугацааны туршид жингээ хадгалахын тулд тасралтгүй дасгал сургууль хийх хэрэгтэй.
Гэхдээ хоолны дэглэм сахилгүй, зөвхөн хөдөлгөөний ачааллыг нэмснээр турна гэвэл та эндүүрч байна. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол биеийн хүчний хэт ачаалал нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг зүй жамтай. Спорт нь биеийн галбирыг засч, эрүүл мэндийг хадгалдаг бол харин хоолны дэглэм өөх тосыг арилгадаг. Тиймээс хоолны дэглэм барих, биеийн хүчний ачааллыг нэмснээр тодорхой үр дүнд хүрэх боломжтой. Өдөр тутмын дасгал нь хиймлээр хоолны дутагдалд оруулдаг тул хүссэнээрээ турах бус, бүр эсрэгээрээ жин нэмэх талтай. Тиймээс спортын дасгал сургуулилт хийх дэглэмийг долоо хоногт нэг удаа хийхээр төлөвлөвөл бага, харин дөрвөн удаа хийхээр төлөвлөвөл ихэднэ гэдгийг санаарай.
Усан фитнесс
Усан фитнессээр хичээллэхэд сардаа дээд тал нь таван кг жин хасдаг. Усан дотор дасгал хийхэд турахаас гадна арьс чангарч, өнгөлөг болдгоороо давуу талтай. Энэ төрлөөр ямар ч насны хүн хичээллэж болно. Мөн эргээд таргалдаггүйгээс гадна орой хоол идэх дуршил буурдгаараа давуу талтай. Хэрэв бүсгүйчүүд маань аль болох их жин хасахыг хүсч байгаа бол эртнээс зохих газраа хандаарай гэж зөвлөх байна.
Саунд сууж турах
Энэ арга нь үр дүнгүй. Учир нь биеийн шингэнийг гадагшлуулж, өөхийг хатууруулдаг.
Мэс заслын аргаар турах
Энэ нь өндөр үнэтэй, хугацаа шаардана. Мөн эрсдэл ихтэй, биеийг гэмтээж болзошгүй. Өөх соруулсан хэсгийн арьс суларч, амархан хөгширдөг.
Тураах эм бэлдмэл
Ихэнх тураах эм, бэлдмэл сарын дотор 5-8 кг жин хасна гэсэн сурталчилгаа хийдэг. Гэхдээ тухайн бүтээгдхүүний үйлчилгээний талаар 100 хувийн баталгааг хэн ч танд өгөхгүй. Иймэрхүү аргыг цаг зав багатай, богино хугацаанд турах хүсэлтэй, залхуу эмэгтэйчүүд сонгодог гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Учир нь та ямар нэг хөдөлгөөн хийхгүй, хоол сойж өөрийгөө зовоохгүй, эм уугаад л илүүдэл жингээсээ салахыг хүссэндээ ийм сонголт хийх болно. Иймэрхүү бэлдмэлүүд дотоодын зах зээл дээр 4000-300 000 төгрөгийн ханштай байгаа.
Гэтэл эрдэнэт хүний биеийн бодисын солилцоог ямар нэгэн эм бэлдмэл илүүдэл өөх тосыг нь асар хурдан хугацаанд хөөн гаргах биологийн боломж байхгүй нь мэдээж. Турах, бас дахин турахаас өөр бодолгүй эмэгтэйчүүд үүний сөрөг үр дүнгийн талаар бодохыг ч хүсдэггүй. Эм уух нь уушиг, ходоодны үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, дотоод шүүрлийн тэнцвэржилтийг алдагдуулдаг. Таны эд, эрхтэнүүдийг гэмтээхээс гадна урдчилан тооцох ч аргагүй тийм өөрчлөлт, хөдөлгөөнд оруулах эрсдэлтэй. Таны организм алдсан бүхнээ илүү хурдан, илүү эрчтэйгээр нөхөн нөөцөлж эхэлнэ.
Хоолны дэглэм
Хоолны дэглэм сахих замаар ямар ч эргэлзээгүй турах нь ойлгомжтой. Гэвч асуудлын гол нь энэ байдлаа хэр зэрэг удаан барихад л оршино. Үүний үр дүнг бид бүгд мэднэ шүү дээ. 10 кг турсан хүн 2, 3 сарын дараа эргээд 15-20 кг илүү таргалдаг. Ингэхдээ жин нэмэх байдал ямагт түрүүлж энгийн нүдэнд ч анзаарагдахаар байдаг нь гайхмаар. Жингээ хасч байна гээд өлөн зэлмүүн явах нь сайн хэрэг биш.
Харин аль болох калори бага, аминдэмээр баялаг, амт сайтай хоол идэж байвал сайн. Үүний тулд та хамгийн калори ихтэй, бас бага калоритой бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаад, хоолны ширээнийхээ хажууд хадчихвал зохино. Өөрийн биед зохицсон зөв хоолны дэглэм гаргаж чадвал та сардаа 2-3 кг хасах боломжтой. Харин хурдан турах гэж огцом хоол сойх юм бол тамирдах, нүдний эргэн тойрон хар хүрээ татах, толгой эргэх, арьс хуурайших зэргээр таны эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлнө.