Хурц өнгийн содон шийдлээрээ загварын ертөнцийг гялбуулсан “United colors of Benetton” брэнд хувцасны дэлгүүрийг тун удахгүй Монголд албан ёсоор нээх гэж байна.
Залуусыг байлдан дагуулагч “Under colors”, дэгжин бүсгүйчүүдийн “Sisley”, золбоолог охидын “Sisley young”, чөлөөт хувцасны “Playlife”, бяцхан хүүхдийн “Baby Benetton” брэндүүдийг эх орондоо худалдан авах боломж бидэнд нээгдлээ.
Италийн Тревизо хотоос гараагаа эхэлсэн 40 гаруй жилийн түүхтэй “Benetton” групп өнөөдөр дэлхийн 120 улсад 6200-гаад салбар дэлгүүртэйгээр ажиллаж байна.
Ах дүү Бенеттонуудын байгуулсан энэхүү групп хувцас үйлдвэрлэхээс гадна спорт, урлаг болон хүмүүнлэгийн салбарт хөрөнгө оруулдаг дэлхийн нэр хүндтэй групп юм. Мөн “United colors of Benetton” гэсэн тэмдэгтэй зургууд нь рекламны ертөнцийг эзэгнэдэг билээ.
БОРООТОЙ ӨРГӨРӨГТ СОЛОНГО ТАТЛАА
Дайны дараах Италид тод өнгийн хоолойтой цамцнууд хаа нэгтээ харагдах болжээ. Энэ бол Жулиана Бенеттоны нэхсэн цамцнууд байлаа. Тэрбээр том ах Лучианод шар өнгийн цамц нэхэж өгснөөр түүх эхэлсэн юм.
Лучианогийн цамцыг найзууд нь шохоорхож, хаанаас авсныг нь
асуудаг байв. Бизнесийн мэдрэмжтэй тэрбээр дүүтэйгээ “Чи нэхэж, би худалдана” гэж тохиролцжээ. Энэ нь хожмын “Benetton” группийн үндсийг тавьсан юм.
1957 он гэхэд таван ажилтантай болсон Бенеттоны гэр бүлийнхэн жижигхэн үйлдвэр байгууллаа. Тэдний амьдардаг Тревизо хот болон зэргэлдээ орших Венецийг тод өнгийн цамцаараа тогтмол хангаж эхлэв. Долоон жилийн дараа буюу 1965 онд “Benetton” групп байгуулагджээ.
Удалгүй хүүхдийн тод өнгийн цамц хийж, 1974 оноос том хүний өмд, банзал болон гадуур хүрэм үйлдвэрлэх болов. Энэ үеэс өнгө алагласан хувцаснууд борооны дараах мөөг шиг олширсон юм.
Өнөөдөр “Benetton” групп өөрсдийн өнгө төрхийг илэрхийлэгч “United colors of Benetton” тэмдэгтэй өдөр тутмын хувцасны “Under colors”, загварын хувцасны “Sisley”, охидын “Sisley young”, чөлөөт хувцасны “Playlife”, хүүхдийн “Baby Benetton” брэндүүд дэлхийн өнцөг булан бүрт байрлах “Benetton”-ы салбар дэлгүүрүүд худалдаалж байна.
РЕКЛАМНЫ ТҮҮХЭНД ТЭСРЭЛТ ГАРЛАА
Нэг л удаа харсан бол үл мартагдах реклам “United colors of Benetton”-ых. 1984 оны хавар дэлхийн реклам болон орчин үеийн нийтийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.
Лучиано Бенеттон алдарт зурагчин Оливер Тосканитай хамтран амьдралын тайлагдашгүй оньсого болсон төрөх, үхэх үйл явц болон хайр дурлал, эзлэн түрэмгийллийн тухай сэдэвтэй рекламнууд гаргалаа. Энэ бол өвөрмөц шийдэл байсан юм. Бүтээгдэхүүн рекламанд харагдсангүй.
Зарим нэгэн зохиомжоос дурдвал гартаа дунд чөмөгний яс барьсан автомат буутай хөлсний цэрэг, хүй нь тасраагүй нярай охин, санваартан гэлэнмаа хоёр үнсэлцэж байгаа зураг хүртэл байлаа.
Гэрэл өндөрсөх тусам сүүдэр нэмэгддэгийн адил шүүмжлэл ч ар араасаа цуварсан юм. Цагаан, хар арьстан хоёр жаалын өөд өөдөөсөө хараад горшок дээр суугаа нүцгэн зураг Милан хотын захиргааны эсэргүүцэлтэй тулгарсан байна. Мөн цагаан, хар, шар арьст гурван хүүхэд хэлээ гаргана.
Арьсны өнгө нь өөр боловч ижилхэн өнгийн хэлтэй хүүхдүүдийн зургийг Арабын орнууд “порно” гэж үзээд нэвтрүүлэхийг хоригложээ. Эхэндээ ёс бус гэж шүүмжлэгдэж байсан ч эцэстээ амьдралыг бодитоор харах боломж нээсэн гэж “United colors of Benetton”-ы рекламны зургууд өндрөөр үнэлэгдсэн байна.
ЛУЧИАНО БЕНЕТТОН: БИДНИЙ АЖИЛ ХУВЦСААР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
“Бидэнд хийх ажил их байна. Бидний ажил хувцсаар хязгаарлагдахгүй” гэж группийн ерөнхийлөгч хэлэх дуртай гэнэ.
Үнэхээр ч “Benetton” групп спорт, урлаг болон хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцон, ивээн тэтгэдэг. 1983 оноос авто уралдааны Формула1- ийн Тиррэл болон Альфа Ромеог ивээн тэтгэж байсан бөгөөд энэ багаараа домогт Майкл Шумахер аваргын тэмцээнд анхны ялалтдаа хүрчээ.
Түүнчлэн Лучиано Бенеттон өөрийн регбигийн багтай болсон ба “Бенеттон Регби” Италийн хүчтэй багуудын тоонд ордог болов. Дэлхий дахины хурцадмал асуудал руу чиглэсэн “Benetton” группийн “Colors” сэтгүүл нь 1991 оноос гарч эхэлсэн ба одоо дөрвөн хэлээр 50-иад улсад худалдаалагдаж байна. Энэхүү сэтгүүл нь хэлэлцэж буй асуудал, содон зургаараа олны анхаарал татдаг билээ.
Мөн Бенеттоны хандивын байгууллага нь байгаль хамгаалах болон өлсгөлөнтэй тэмцэх үйл ажиллагаануудад хөрөнгө оруулдаг. Тэдгээ рээс дурдвал НҮБ-ын “Өлсгөлөнтэй тэмцэх хөтөлбөр”- ийг хэрэгжүүлж, Косово дахь дайны үеийн дүрвэгсдийн төлөө кампанит ажил явуулан, Африкийн ядуу буурай орнуудад тусламж үзүүлдэг байна.