Хөлбөмбөгийн ертөнц буцалж байна. Клубүүдийн төвшинд байж болох бүх тэмцээн эхлээд байгаагийн оргил нь Аваргуудын лиг юм. Тус тэмцээний эхний тойрог даваа, лхагва гаригт болоход өнгөрсөн оны аварга баг “Интер” даруухан амжилттай голланд клуб “Твенте”-тэй тэнцэж, мини сенсаац дэгдээлээ. Италичууд тоглолтын турш давамгайлсан боловч олдсон боломжийнхоо ихэнхийг ашиглаж чадаагүйгээс дээрх таагүй үзүүлэлт дээр буулаа.
Гэхдээ цөөнгүй мэргэжилтэн тэднийг өмөөрөн нэг шалтаг хэлж байна. Тэр бол дасгалжуулагчийн өөрчлөлт. Өнгөрсөн жилийн супер амжилтын нь эцэг Жозе Моуриньо “Реал” руу явахад орыг нь Рафаэль Бенитес залгаснаар “Интер” тэс өөр зохион байгуулалтаар тоглож эхэллээ.
Гэтэл “Твенте”-гийн дасгалжуулагч бас солигдсон шүү дээ. Ноднин Голландын аварга болгосон англи эр Стив Макларен Германы “Вольфсбург” өөд одсон учир түүний албыг Мишель Прюдомм авсан. Тэрбээр Бенитесээс ялгаатай нь багийнхаа болж байгаа зүйлд гар огт хүрээгүй. Харин испани мэргэжилтэн Моуриньогийн ул мөрийг ор үндэсгүй арилгах үүднээс шинэ сэдлүүдийг тоглогчдодоо олноор нэвтрүүлснээр “Интер”-ийн тоглолт одоогоор эвээ олохгүй байна.
Энэ нь сэтгүүлчдийн ярих бас нэг сэдэв болж байгаа юм. Хэвлэлийнхний аманд ороод байгаа өөр нэг дасгалжуулагч бол Алекс Фергюсон. Уг нь тэр онцлоод байх алдаа хийгээгүй, “Рейнжерс”-ийн эсрэг хийсэн тоглолтод. Хэргийн учир Шотландын багтай өрсөлдсөнд байлаа. Тэр өөрөө тус орноос гаралтай тул гурван оноо авч чадаагүй үзүүлэлт дээрээ нэрмүүлэн тийн өөчлөгдөж байна.
Английн хэвлэлүүдийн итгэлтэй нь аргагүй бичсэнээр мань эр Глазг хотын багт зориудаар тэнцээний нэг оноо өгч. Өөрөөр хэлбэл хэсгээс шалгарах боломжийг нь ийм замаар нээж өгчээ. Ингэхийн тулд уламжлалт тактиктаа том өөрчлөлт хийсэн, Руниг гүнээс довтлуулсан гэх зэрэг шүүмжлэлийг түүн рүү шидэж байна. Дасгалжуулагчдын алдаа, онооны та лаар өгүүлэхээ азнаад нэгэн үзүүштэй тоглолтын талаар мэдээлье.
“Вердер”, “Тоттенхэм” хоёр гайхалтай тоглож, хөлбөмбөг сонирхогчдыг баярлууллаа. Английн клуб яаж довтолгоог төгс гөдгийг яруу тодоор харуулсан бол Германы баг нуман тулгуураас хэрхэн гарахыг бүх талаар үзүүлэв. Хэрэв “Тоттенхэм”-ийн төвийн бүс, “Вердер”-ийн жигүүрүүд олигтойхон ажилласан бол дөрөв байтугай гоол орох байлаа. Энэ дашрамд Оросын “Спартак.М”- ыг онцолмоор байна.
Аваргуудын лигт олон оролцож олонд танигдсан, хэсгийн бүх тоглолтдоо ялан рекорд тогтоосон тэд бүтэн дөрвөн жил сураггүй байж байгаад тус тэмцээнд өрсөлдөж эхэллээ. Тэгэхдээ эхлэлээ хожлоор тавив. Оросууд овойж оцойтол тоглосон гэхгүй ч овоо хэдэн гоолын боломж гарган, хуучны туршлага байгаагаа харууллаа. Эцсийн дүнд Францын хөлбөмбөгчний автогоолын ачаар хүний талбайгаас гурван оноо зулгааж чадав. УЕФА-гийн чансааны зургадугаар байрын төлөө Украин, Португалтай үзэлцэж байгаа манай хойд хөршүүдийн хувьд энэ нь чухал ялалт боллоо.
“А” ХЭСЭГ Копенгаген (Дани) - Рубин (ОХУ) 1:0
Барселона (Испани) - Панатинаикос (Грек) 5:1
“B” ХЭСЭГ Бурсаспор (Турк) - Валенси (Испани) 0:4
МЮ (Англи) - Рейнджерс (Шотланд) 0:0
“C” ХЭСЭГ Бенфика (Португаль) - Хапоэль Т-А (Израиль) 2:0
Лион (Франц) - Шальке (Герман) 1:0
“D” ХЭСЭГ Вердер (Герман) - Тоттенхэм (Англи) 2:2
Твенте (Голланд) - Интер (Итали) 2:2
“Е” ХЭСЭГ ЧФР (Румын)-Базель (Швейцар) 2:1
Бавари (Герман)-Рома (Итали) 2:0
“F” ХЭСЭГ Жилина (Словак)-Челси (Англи) 1:4
Марсель (Франц)-Спартак.М (ОХУ) 0:1
“G” ХЭСЭГ Милан (Итали)-Осер (Франц) 2:0
Реал (Испани)-Аякс (Голланд) 2:0
“Н” ХЭСЭГ Шахтер (Украин)-Партизан (Серб) 1:0
Арсенал (Англи)-Брага (Португаль) 6:0
Ж.БАЯРЖАРГАЛ