Ийм гарчигтай захидал бидэнд ирлээ. Эх оронтойгоо танилцахаар аялалд гарсан “108 хоног” багийнхан 95 дахь хоногтоо Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд очжээ.
Зургадугаар сарын 28-нд нийслэлээс гарсан тэд 7000 гаруй км замыг явган, машин, мотоцикль, морь, тэмээ зэрэг тээврийн хэрэгслээр туулж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, ГовьАлтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл зэрэг 11 аймгийн 40 гаруй сумаар оржээ.
Тэд “Нутгийн ард түмэн бидний аяллыг ихэд дэмжиж, хэзээ ч, ямар ч айлд яваад ороход цай, хоол хийгээд өгдөг монгол зан заншил хадгалагдсаар байгаад бахархах сэтгэл төрж байсан. Одоо эндээсээ Дархадын хотгор явна. Тэнд 1000 цаа бугын баяр болох гэж байгаа.
Хэнтий, Дорнодын буриад, Сүхбаатарын үзэмчин, барга, дарьгангачууд, Ховдын Алтай, Зэрэг, Манхан сумын захчин, Булган сумын торгууд, Баян-Өлгийн урианхай, казахууд, Увсын баяд, дөрвөд, хотонгууд, Хөвсгөлийн хотгойдууд гээд олон үндэстэн, ястны өлгий нутгаар аялан тэдний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншил, хэл яриаг сонирхон судалж, зургаар баримтжуулж явна.
Бидний аялал есдүгээр сарын 29-нд Сүхбаатарын талбайд өндөрлөнө” гэжээ. Мөн захидлынхаа нэгэн хэсэгт “Хол замд явахад хамгийн сайхан хоол бол ааруул юм” гэжээ
Б.ЭНХМАРТ