Хүн бүр өөрийн гэсэн бизнестэй болохыг мөрөөддөг. Гэхдээ ихэнх нь мөрөөдөл хэвээрээ үлддэг. Хаа сайгүй байдаг бизнесийн санааг олж харан, гүйлгээ ухаан, шантралгүй хүсэл, тэвчээр, хүч хөдөлмөрөөрөө тордож чадвал сая сая доллар, бахдам амжилт “дагуулдаг” гэдгийг мэдэх үү? Уншигч танд бизнесийн хэд хэдэн сайхан санаа, гайхалтай түүхийг сонирхуулъя.
Ажилдаа дарагдсан, завгүй хүмүүстэй их хотод ганцаардсан хүн олон. Нэгэн компани үүнийг ажиглан, 1960-аад онд Чикаго хотын төмөр замын буудал дээр эм ба эр хүний дүрс бүхий автоматуудыг байрлуулжээ. Автомат руу зоос хийхэд хосуудын дүрс гараа өргөж “Сайн уу? Найрсаг анд минь. Аян замдаа сайн яваарай” хэмээн үддэг гэнэ. Гайхалтай нь ганц бие зорчигчид энэ автоматаар үйлчлүүлэх дуртай байж. Тэр байтугай үйлдвэрлэгчдэд хандан “Роботуудыг гар өргөх төдийгүй тэвэрдэг болгооч” гэсэн хүсэлтийг тавьжээ.
Роберт Пот олон жил Германы Вупперталь хотын хог цэвэрлэгээний фирмийн дарга хийжээ. Нэг удаа түүний толгойд “Хогны музей” байгуулах санаа төрөв. Тэр музейгээ “Хогийн савнаас олдсон эрдэнэс” хэмээн нэрлэсэн байна. Энд дундад зууны үеийн гар бичмэл, урлагийн cop болсон уран зургууд, эртний ховор цаг, янз бүрийн хуучны эд өлгийн зүйлс гээд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад бүх юм бий. Энэ санаагаа ажил болгосоноор Роберт Пот маш хурдан хугацаанд сая сая доллар халаасалсан гэдэг.
Нью-Йоркийн иргэн Элиас Фергюсон мөн л хогоор баяжсан. Тэр олон жилийн турш хуучин хэвлэлийн ховор дугааруудыг цуглуулсаар 100000 хүргэв. Нэг удаа тэр орох оронгүй болоод ховор цуглуулгаа зарах гэтэл хэн ч авсангүй. Тэр сонинуудаараа бяцхан мухлаг барихаар шийдэв. Удалгүй цаасан байшинг нь хүмүүс ирж сонирхох болов. Өдөр ирэх тусам хүмүүс олширсоор. Иймээс Фергюсон “Жуулчны объект. XX зууны эхэн үеийн сонинуудаар хийсэн байшин. Үзэхэд нэг доллар” гэсэн зар өлгөжээ. Түүний элдэвтэй энэ байшинг сонирхох жуулчдын хөл тасрахгүй тул түүний бизнес цэцэглэсээр. Удалгүй Элиос Фергюсоны ажил хэрэг амжилттай сайхан болж, сонингийн мухлагаасаа тансаг харш руу нүүсэн байна.
Английн сэтгэл зүйч Рожер Грейн бизнес нулимсан дээр “цэцэглэсэн” гэдэг. Тэрбээр эрчүүд сэтгэл хөдлөлөө нууж, уйлдаггүй учир эмэгтэйчүүдээс богино насалдаг болохыг ажиглажээ. Ингээд тэрбээр Английн эрчүүдэд зориулан уйлж сургах төлбөртэй дамжаа хичээллүүлсэн байна.
Хэдэн жилийн өмнө Хятадын нэгэн хотод “Шархалсан зүрхний баар” нэртэй шар айрагны шинэ баар нээгджээ. Энд хайртай хүнээсээ хагацаж шаналсан хүмүүс ирж, хэнээс ч ичиж зовохгүй ханатлаа уйлдаг ажээ. Үйлчлүүлэгчдэд зориулан ширээн дээр нусны алчуур, зүрхний дусаалга тавьдаг. Мөн шаналж, бухимдсан үйлчлүүлэгчдэдээ зориулан баарандаа эр эм манекан байрлуулжээ. Хүссэн хүн тэдэнд уур хилэнгээ гаргаж, ханатлаа зодож, бүтэлгүй хайраа илчилж болох гэнэ. Баарны такс нь таван ам.доллар. Орой бүр “Шархалсан зүрхний баар” дүүрэн хүнтэй байдгаас үзвэл Хятадын менежерүүдийн санаа нүдээ олжээ.
Та үнэхээр мөнгөний гачаалаас ангид байхыг хүсч байгаа бол доорх хэдэн зөвлөгөөг анхааралдаа авахад илүүдэхгүй.
l Орлогынхоо тодорхой хэсгийг хадгаламжиндаа хийгээд, үлдсэн мөнгөөрөө хэрэгцээтэй зүйлсээ ав. Хүн “за үлдсэнийг нь хадгална” гээд л бүгдийг нь үрээд дуусдаг.
l Зурагтаа дэмий асаах хэрэггүй. Цахилгааны зардал хэмнэхээс гадна элдэв барааны сурталчилгаагаар тархиа угаалгаж, цагаа үрэхийн нэмэр.
l Сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ. Үгүй бол стрессээс гарах гэж дэлгүүр хэсч, амттан идсээр баахан үргүй зардал гаргах вий.
l Дэлгүүр орохоосоо өмнө өөртөө хэрэгцээтэй байгаа зүйлийг сайтар тооцоол. Дараа нь хэдий хэрийн үнэтэй, ямар өнгө, загварыг сонгохоо төлөвлөн бич. Ингэсэнээр хэрэгцээгүй худалдан авалт, үргүй зардлаас сэргийлнэ.
l Эд зүйлс, хувцасаа ариглан гамна.
l Хүүхдээ эрхлүүлж, тэдний зугаа цэнгэлд их мөнгө үрэх хэрэггүй.
l Жеки Чан гэрийн үйлчлэгчгүй гэж сонссон уу? Тэр гэр цэвэрлэх, хувцас угаах, тэр бүү хэл шалаа хүртэл өөрөө угаадаг гэсэн. Та ч гэсэн ингэж сурвал хими цэвэрлэгээ, хувцас угаалга, машин угаалга, хивс цэвэрлэгээнээс багагүй мөнгө хэмнэх болно.
l Ус бол жүүс, ундаанаас хавьгүй чанартайн дээр хавьгүй хямд гэдгийг сана.
l Хожим эм тариа, эмнэлэгт бөөн мөнгө үрэхгүйн тулд өнөөдөр чанартай, эрүүл хүнс сонго.
l Ном, шинэ цомог гэх мэт чухал хэрэгцээгүй зүйлс сонирхолыг чинь татаад байвал найзаасаа гуйж аваад, цэвэрхэн хэрэглээд буцаагаад өгчих. Ямар ч зардал гарахгүй.
l Гоо сайхан, үсчинд багагүй мөнгө зардагыг сана. Тиймээс өөрөө үсээ тайрч, арьсаа арчилж сурч болно шүү дээ.
l Өдөр бүрийн зарлагаа бич. Сарын эцэс, улирлын эцэс, жилийн эцэст түүнийгээ эргэн харж өөрийнхөө орлого, зарлагатаа дүгнэлт хий.
Хэт их хэмнэж амьдрах амаргүй ч хэсэг хугацаанд хичээсний үр дүнд таны санхүүгийн байдалд өөрчлөлт гарна гэдэгт найдаж байна.