Та суугаа ажил эрхэлдэг учраас нуруу, хүзүү тань байнга хөшиж өвддөг үү? Танд спортоор хичээллэх цаг зав гардаггүй юу? Тэгвэл ямар ч нөхцөлд хийж болох дасгалыг танд санал болгоё. Та энэ дасгалыг ажлынхаа ширээний ард, зурагт үзэж суухдаа тэр ч бүү хэл унаанд явж байхдаа ч хийж болно.
Суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд ажилдаа улайран хэдэн цагаар ч суух хэрэг гардгаас нуруу, хүзүү чилж өвддөг. Учир нь сууж байхад нуруунд хамаг ачаалал төвлөрдөгөөс нугасны хоорондох уян эдэд агуулагдах амин дэм алдагддаг. Мөн тархийг цусаар хангадаг маш олон судас хүзүүнд байдаг тул удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаас хүзүүний булчин хөшиж хатуурдаг. Хатуурч зангирсан булчин маань өнөөх судсыг дарж, бөглөдгөөс толгой эргэх, түүнчлэн анхаарал сулардаг. Өвчнөө тоолгүй явснаас даамжирч эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Үүнээс урьдчилан сэргийлхийн тулд байнга хөдөлгөөнтэй байж, хамгийн чухал нь ажлын орчиндоо анхаарлаа хандуулаарай. Ширээ, сандал тань таны биед эвтэйхэн, тохь тухтай байх ёстой. Түүнчлэн ажлаа түр хойш нь тавьж өөртөө дасгал хийх хэдэн хором зарцуулаарай.
1. Амьсгалын дасгал /Дасгалыг 3-4 удаа давтна/
l Хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоод амьсгал авахдаа гараа дээш өргөнө. Амьсгалаа гаргахдаа гараа буулгаж үл ялиг бөхийнө.
l Хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоод амьсгал авахдаа мөрөө дээш өргөнө. Амьсгалаа гаргахдаа мөрөө буулгана.
2. Хүзүүний булчингийн дасгал /Дасгалыг 3-4 удаа давтна/
l Цэх суугаад баруун гарынхаа алгаар баруун талынхаа хүзүүг дарж, толгойгоо аль болох баруун тийш гэлжийлгэхийг хичээнэ. 5-6 секунд болоод бие суллаж бэлтгэх байдалдаа орно. Одоо гараа солиод нөгөө талруугаа хийнэ.
l Цэх суугаад тохойгоо ширээн дээр тавьж алгаараа эрүүгээ түшиж толгойгоороо ачаалал өгч доош дарна. Зургаан секунд болсоны дараа биеэ суллаж дахин давтна.
l Энэ дасгалыг суугаад эсвэл зогсоод хийж болно. Хоёр гараа дагзандаа авч толгойгоо аль болох хойш нь гэдийлгэхийг бод. Зургаан секундын дараа биеэ суллаж бэлтгэх байдалдаа орон дахин хийнэ.
l Төгсгөлд нь толгойгоо зүүн, баруун тийш хагас тойрогоор хоёр тийш ээлжлэн эргүүлнэ.
3. Далны дасгал /Дасгалаа 3-4 удаа давтна/
l Зогсоод нэг гараа дээш өргөөд, нөгөө гараа доош буулган хойшоогоо сайтар болгож нэг хэмнэлээр зэрэг хийнэ. Дараа нь гараа солиж хийнэ.
l Хоёр гараа урдаа авна. Зүүн гараа баруун гарынхаа тохойноос барьж зүүн мөрлүүгээ сайтар татаж өгнө. Зургаан секунд байлгаад биеэ суллаж гараа сольж нөгөө талруугаа сайтар татна. Энэ маягаар хоёр талруугаа ээлжилнэ.
l Баруун гараа нуглаад толгойныхоо ард байрлуулж зүүн гараараа баруун гарынхаа тохойноос барьж сайтар хойш болгоно. Зургаан секундын дараа биеэ суллаж нөгөө гараараа хийнэ.
l Хоёр гараа нэг шугманд байхаар нуглаад цээжиндээ барьж тохойгоо аль болох хойш нь болгоно. Энэ үед тохой 90 градусын өнцөг үүсгэх ёстойг анхаарна уу. Зурган секунд болоод эргэн анхны байдалдаа орно. Үүнийг 3-4 удаа хийх бөгөөд аажмаар тоогоо 6-8 болго.
4. Бүх булчинг ажиллуулах дасгал /Дасгалыг 5-6 удаа давтна/
l Хөлөө нийлүүлэн нуруугаа тэгшлэн хана налж зогсоно. Өсгийгөө шалнаас салган аажмаар доош сууна. 5-6 удаа давтана. Хана олдохгүй бол сандлын түшлэг, хаалга ашиглаж болно.
5. Амьсгалын дасгалаар төгсгөнө
l Гараа мөрөн дээрээ тавиад амьсгал авч тохойгоо дээш болгоод амьсгал гаргахдаа тохойгоо доош буулгана. Энэ мэтчилэн 3-4 удаа давтна.
l Дасгалыг маш удаан хэмнэлээр хийнэ. Жигд амьсгална. Амьсгалаа хамраараа авч, амаараа гарга.
Амьсгалын дасгалыг нэг цагийн дараа дахин давтаж хийнэ. Долоо хоногт 2-3 удаа спорт зааланд очиж заншаарай. Дасгал хийснээр бие махбодь эрүүл байх төдийгүй сэтгэл санаа өөдрөг болно. Үргэлж явган явахыг хичээж иллэг хийлгэж бай.