Хүмүүний амьдрал гэгч яг л жүжиг. Ажлын газар, албан байгууллага бол мөнөөхөн жүжгийн тоглох тайз юм. Жүжигчид зөвхөн тайзан дээр л эрдэм чадвараа шавхан дайчилчихаад тайзнаас буухаараа мартчихдаг байж болохгүй. Гагцхүү тайзан дээр ч, тайзнаас буусан ч хамтран ажиллагсадтайгаа ойлголцож чадаж гэмээнэ сая жинхэнэ алга ташилт, уухайлсан түрлэгийг олж сонсох болно. “Од” болсон олон “жүжигчин” тайзан дээр жүжиглэхээс бусад цагт эргээд тайзан дээр гарахад илүү сайн үр дүнд хүргэх зүйлсийг хийж явдаг. Тиймээс та ч гэсэн чөлөөт цагаараа даргатайгаа энэ тэрийг ярилцан, шатар нүүж, хамт олныхоо гэрээр орон хоол идээд гараарай.
Хятад хүмүүс гэрт нь гэнэтийн зочин орж ирээд суусны дараа хэлдэг нэгэн үг байдаг. “Хэрэг болохоор л хаалга цохидог гэдэг дээ” гэж. Энэ нь жүжигчид тайзнаас буугаад, нэгнийхээ гэрээр орж жүжиглэдэггүйн тод жишээ юм. Дарга та ч мөн тайзнаас буугаад, хамт олныхоо гэрээр орж гарч, илүү сайхан харилцаа тогтоох гэж үзээрэй. Хэдхэн минут утсаар ярьсан ч болно.
Ажлын найман цагаас гадуур нэгнийхээ гэрээр зочлох нь хоорондох харилцаагаа зузаатгахад ихээхэн тус нэмэр болдог бөгөөд зайлшгүй хийж гүйцэтгэх ажлын тань нэг юм. Гэхдээ та заавал хэмжээ хязгаарыг барьж, соёлтой зочлох хэрэгтэй. Эс бөгөөс баярлуулж ирээд, залхааж буцдаг хүсмээргүй зочдын нэг болчихож мэднэ.
Танд соёлтой зочлох зургаан дүрэм санал болгоё.
1. Очих цагаасаа ганц ч минут бүү хоцор. “Бусдын цагийг үрнэ гэдэг хөрөнгө мөнгөнөөс нь хумслахтай адил” гэдгийг мартаж болохгүй. Цагтаа амжихгүй бол урьдчилан утасдаад, уучлалт хүсэх хэрэгтэй.
2. Гэрийн эзэн танд найз нөхдөө танилцуулах тохиолдол гарвал та заавал суудлаасаа босч хүндэтгэх хэрэгтэй. Танилцсан хүнийхээ нэрийг сайн тогтоож аваарай. Эс бөгөөс ярилцах явцдаа юу гэж дуудахаа мэдэхгүй, эвгүй байдалд орж мэднэ.
3. Айлд зочлох үедээ та шууд л хойморт нь явж очоод суучихаж болохгүй. Гэрийн эзэн таныг хүлээж байхдаа хаана суулгахаа аль хэдийн бодчихсон байдаг. Гэрийн эзний гар дэлгэн заасан газарт суух нь хамгийн тохиромжтой.
4. “Урилгагүй зочин” болж яасан ч болохгүй. Та гэрийн эзнийг гарах гэж байхад гэрт нь орвол та хоёрын яриа тийм ч халуун дотно болж чадахгүй. Аль болох оройн хоол, үдийн амралтын цагаар айлд бүү зочил. Бас айлд хэтэрхий орой болтол сууж, тэдний гэрийнхний унтаж амрахад хүндрэл учруулж болохгүй.
5. Айлд орохын өмнө гуталдаа шавар шавхай наалдсан эсэхийг шалгасны дараа хонхыг нь дараарай. Борооны шүхэр, гадуур хувцас зэргээ гэрийн эзний заасан газар тавьсан нь зүгээр. Хэрвээ гэрийн эзэн танаас насаар ахмад бол та түүнээс өмнө суудалдаа суух гэж яарсны хэрэггүй. Унаж ирсэн машинаа сайтар түгжин, машины зогсоолд тавиарай. Хулгайд толь, эмблем зэргээ алдчихвал өөрөө хохироод зогсохгүй, айлын хүмүүсийг эвгүй байдалд оруулах болно.
6. Тамхи татах гэдэг хувь хүний зуршил боловч та тамхи татахаар бол гэрийн эзэн, эзэгтэйн зөвшөөрлийг заавал авах хэрэгтэй. Тамхи гэдэг бусдын эрүүл мэндэд хортой шүү дээ. Хэрвээ очсон айлд тань үнсний сав харагдахгүй байвал тэднийхэн гэртээ тамхи татдаггүй гэж ойлгоорой. Ийм тохиолдолд та халааснаасаа тамхи гаргаж ирээд асааж, гэрийн эзнийг яаран сандран үнсний сав хайхад хүргэвэл маш бүдүүлэг нэгэнд тооцогдох болно.
Та дандаа л зочин болж, өнөөдөр таныг хүлээн авсан хүн дандаа л гэрийн эзэн байгаад байна гэж үгүй. Соёлтой, боловсон зочин байна гэдэг маш чухал боловч зочломтгой, найрсаг гэрийн эзэн байж чадна гэдэг илүү сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц зүйл билээ. Тиймээс дараагийн дугаартаа зочломтгой, найрсаг гэрийн эзний алтан дүрмээс санал болгоё.