Хэн нэгэн нь танайд зочлох гэж буйг мэдвэл та яах ёстой вэ?
Зочин хүлээж авч сурсан ёс журамтай айл бол нэг их барьц алдаад байхгүй л байх. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ. Доорх алхмууд сандарсан үед тань тус болж мэдэх л юм.
1. Гэрээ гял цал буутал нь сайхан цэвэрлээрэй
2. Хол газар туулж ирсэн зочноосоо хамгийн түрүүнд хоол идсэн эсэхийг нь асуух хэрэгтэй
3. “Урилгагүй зочин” ирлээ ч гэсэн та суудлаасаа босон хүндэтгэн угтаарай
4. Зочны өрөө тань замбараагүй байвал та уучлал эрэх хэрэгтэй
5. Зочинтой байхдаа гэрээ цэвэрлэж, хавиар нэг тоос босгож болохгүй
6. “Урилгагүй зочин”-оосоо танай гэрт ирсэн зорилгыг нь “Өнөөдөр танд манайд ирэх зав гарчээ дээ” гэх мэт энгийн хүндэтгэсэн аясаар асуу
7. Зочин тань “Би чамаас нэг зүйл гуйх гэж ирлээ” гэчихээд залгуулан ирсэн учраа ярихгүй байвал мэдэх гэж яаран бүү олон юм асуугаарай. Юмыг яаж мэдэх билээ. Түүний гуйх гэж байгаа зүйл ам нээж хэлэхэд хэцүү ч байх юм билүү. Яарвал даарна гэдэг дээ.
Санал зөрнө гэдэг зайлшгүй байх ёстой зҮйл
Ажлын байран дээр хамт ажиллагсадтайгаа санаа бодол зөрөлдөх нь элбэг байдаг. Тэгэхээр өөртэй тань санал нэг бус хамтран ажиллагсадтайгаа хойшид та нэгэн зорилгын төлөө хөл нийлүүлэн урагш алхаж чадах уу?
Үнэн хэрэгтээ санал зөрөх гэдэг байдаг л зүйл бөгөөд өнөөдөр санал зөрсөн ч маргааш санал нийлж болох шүү дээ.
Санал гэдэг нь тодорхой нэгэн зүйлийн үндсэн дээрээс урган гараад, бодол санааны инерцээрээ хэсэг хугацаанд үргэлжилж, цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрч мартагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та багахан зүйл дээр санал зөрснөө санааныхаа мухарт хадгалаад байх хэрэггүй.
Зөвхөн та л энэ хэрэг дээр ухаалаг хандаж, санал зөрснөө нэг их том юм болголгүй өнгөрөөж чадах юм бол нөгөө хүн ч гэсэн тантай адил уужуу хандаж чадна аа.
Түүнчлэн та хоёрын санал зөрсөн нь хоорондын тань нөхөрлөлд саад болох ёсгүй гэж үз. Бид хамтран ажиллагсдаасаа найз нөхдийн хоорондох үерхлийг тэр бүр хүсээд байдаггүй. Хамтран ажиллагсдын харилцаа ихэвчлэн албан ажил, үүрэг хариуцлага дээр тулгуурласан байдаг. Тиймээс хоорондын санал зөрөлдөөнөө яг тэр санал зөрсөн асуудал дээрээ л орхиорой. Та хоёр тухайн асуудал дээр л санал зөрсөн болохоор энэ нь та хоёрын харилцаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх ёсгүй.
Хэрвээ нөгөө хүн тань ухаалаг нэгэн бол тантай өөр бусад ажил дээр гар нийлэн зүтгэхийг хичээх болно. Харин буруу үзэлтэйгээ үхширтэл зууралдсан хүн бол та ая эвийг нь харж байгаад дээр өгүүлснийг ойлгуулахыг бодоорой.
Эцэст нь хэлэхэд санал зөрнө гэдэг зайлшгүй байх ёстой зүйл. Тэгж гэмээнэ илүү оновчтой шийдэлд хүрч чадна. Хэрэв хоёулаа буруу ишилсэн сүх шиг зөрүүд хүмүүс биш л бол нэгнийгээ ойлгож дэмжих ямар нэгэн арга олж л таараа.
Санал зөрөх, ажлын газарт тархсан ярианаас болж үүдсэн эвгүй сэтгэгдэл гэдэг хэдийгээр багагүй хугацаанд хоёр талын санаанд агуулагдаж байдаг ч нэг нь нөгөөгийнхөө гэрт найрсгаар зочлон, цаашид хөл нийлүүлэн урагш алхаж чадна гэдгээ бие биедээ ойлгуулбал өмнө үүссэн тааламжгүй байдал үнсний ширхгийг үлээсэн мэт алга болж чадна. Тэгээд ч зогсохгүй нэгнийхээ гэрт уусан аяга кофеноос нөхөрсөг харилцааны эхлэл тавигдахад маш амархан.
Хамгийн гол нь бид ажлынхаа газарт ч, ажлын бус цагт ч хоорондын харилцаагаа улам бүр зузаатгахын тулд байх хэрэгтэй.