Харин ч зарим тохиолдолд танд шинэ боломжийн үүдийг нээдэг гэдгийг бүү мартаарай. Ажил олгогчид танд алдсанаас чинь илүү ихийг өгөхөөр хүлээж байж ч болох шүү дээ.
Ажлаасаа халагдахын өмнө амжиж турших аргууд
Хожим нь харамсахгүйн тулд халагдахаасаа өмнө эдгээр аргуудыг туршаад үзэхэд илүүдэх юун.
Боломжийг бүү алд. Ажлын шинэ санаагаар даргынхаа анхаарлыг татаж, нэр хүндээ суга өсгөхийг хүсдэггүй хэн байх билээ.
Гэхдээ үүний тулд алим унаад ирэхийг хүлээх биш, босч түүх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл түр зуурын гэнэн бодолд автан, мөрөөдөж суухаар түүнийгээ биелүүлэх ямар нэгэн алхам хий. Баримтаас харахад ажлын амжилт авчирдаг гол хүчин зүйлс нь харилцаа, албаны гэрээ, шинэ санаа, хамт ажиллагсдын магтаал байдаг аж.
Нулимс нэмэр болох нь ч бий. Нулимс унагасанд чинь хэн ч дургүйцэж, атаархахгүй. Хамгийн гол нь долоон булчирхайгаа тоочиж, бусдыг залхааж болохгүй. Түүнээс гадна таны байрны түрээс нэхэгдэж байгаа нь ноцтой асуудал биш тул юун талаар зовлон тоочихоо ч урьдаас тооцоол.
Өөр сонголт байгаа эсэхийг олж мэд. Асуудлаас гарах өөр ямар нэг гарц байж л таарна. Түүнийг олох л хамгийн чухал. Таныг долоо хоногийн дөрвөн өдөр ажиллуулж, цалин ч тэр хэрээр багасгах зэрэг өөр юу ч байж болно. Тэдэнд ч мөнгө хэмнэж, өөрөө ч ажлын байртай үлдэх бүхий л боломжийг судлаарай.
Ажлаас гарахдаа ч тохиролцоо хий. Эрхээ эдлэхдээ ичих хэрэггүй.
Нэгэнт л та хийх ёстой зүйлсээ хийж, чадвараа бусдын төлөө гаргасан бол түүнийхээ шанг хүртэх эрхтэй. Тиймээс ажлаа орхихоос аргагүйд хүрсэн бол удирдлагатайгаа тохиролцоо хий. Яг ланх ажилд орж байсан шигээ. Гол нь энэ удаад тэднээс авч болохыг биш, авах ёстой зүйлсээ сануул. Бодуулаагүй амралтын мөнгөө нөхөж авах, эрүүл мэндийн даатгалыг хэсэг хугацаанд төлүүлэх зэрэг тэднээс авах зүйл юу эс мундах вэ. Харамсалтай нь хувийн хэвшлийнхэн энэ асуудалд нэлээд хойрго ханддаг.
Гүнзгий амьсгаа ав. Эгзэгтэй энэ үе таныг бичиг цаасаар дарчихдаг. Урсан өнгөрч буй амьдралтайгаа зууралдах гэж яарах хэрэггүй. Толгойгоо амраах цаг ирсэн ч байж болох шүү дээ. Бүхнийг хойш нь тавиад, толгойгоо хэсэгхэн ч гэсэн амраа. Ачаалал алжаал тайлдаггүй юм.
Хэрэв найзууд чинь залгавал
“Зовохын цагт нөхийн чанар танигдана” гэдэг. Ажлаасаа халагдчихаад арга ядан яваа хэн нэгэн танд хандвал доорх дүрмийг баримтлаарай.
Зайлсхий: “Өчигдөр үдэшлэг болсон байна” гэж асуудлаас зугатах хэрэггүй. Ийм тохиолдолд анхаарлыг нь өөр зүйлд хандуулах гэсэн оролдлого төдийлөн амжилттай болдоггүй. “Сэтгэл шаналлыг намжаах хамгийн сайн эм бол тэр тухай сэтгэлээ онгойтол ярилцах явдал” хэмээн сэтгэл судлаач Дэвид Эйген өгүүлсэн байдаг.
Харин түүний оронд: Зүгээр л түүний зовлонгоо тоочихыг анхааралтай сонс. Чимээгүй байна гэдэг таны хийж чадах хамгийн үр дүнтэй арга болох нь ч бий.
Зайлсхий: “Бүх зүйлд шалтгаан байдаг” гэж түүнийг тайвшруулах хэрэггүй. Түр зуурын сэтгэл хямралаас болж, дараагийн ажилдаа шамдах урмыг нь мохоох магадлалтай.
Харин түүний оронд: Давуу талыг нь мэдрүүлж, амьдрах орчин, нэг хэвийн байдлаа өөрчлөх сайхан боломж олдож байгааг нь сануул. Найз тань сэтгэлийн хөдөлгөөндөө автаад, таны саналыг хүлээж авахгүй байх вий. Гэхдээ тэр тун удахгүй таны зөв гэдгийг ухаарах болно.
Зайлсхий: “Чамайг ажилд авах хүн би танина...” гэж хэлэхээс зайлсхий. Найздаа туслах гэсэн сайхан сэтгэлийг тань ойлгож байгаа ч бусдад горьдлого төрүүлэх түүнээс ч дор байдаг юм. Тэгээд ч найзад чинь тулгамдсан асуудал хангалттай их байгаа тул ажлын ярилцлагад ороход бэлэн биш байж ч болох шүү дээ.
.
Ажлаасаа халагдчихлаа. Одоо юу хийх вэ?
Эдийн засгийн байдал хүнд байгаа өнөө үед ажлаас гарна гэдэг тийм ч буруу алхам биш. Ажлаа солих нь зарим тохиолдолд санхүүгийн бэрхшээлийг давах гарц болох нь ч бий.
Ажилгүй ч орлоготой байх арга цөөнгүй бий. Ажлаасаа халагдсан гээд амьдрал сүйрсэн юм шиг шаналах хэрэггүй. Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед ажлын байр, албан тушаалгүйгээр мөнгө олох арга тоймгүй олон болж. Түүний нэгэнд аз туршаад үзэхэд ч буруудах юун. Хэдхэн долоо хоногийн дараа л та ажлаас халагдахын ач холбогдлыг ойлгох вий.
Өөрийгөө энхрийл. Зав гарсан дээр нь өөрийгөө арчлаад ав. Унтаж амран, хоолоор тордож, дасгал хийх гээд юу эс мундах вэ. Хэрэв тэгээд ч хийх зүйл олдохгүй хэвээр байвал эрүүл мэнддээ анхаар. Цонхны цаана амьдрал хэрхэн буцалж буйг сонирх. Хообийгоо өргөжүүлж, нийгмийн идэвхиэ нэм. Сэтгэл чинь сэргэж, ажлын шинэ санаа төрөх вий. Амралтын ашиг тус үүнд л байдаг юм.
Зовлон тоочих хэрэггүй. Оготны нүх байсан ч орилчих гээд байдаг хүмүүс бий. Ажлаасаа халагдаж, аяга хоолноосоо ч холдож магадгүй болсон тухайгаа хүн бүхэнд зарах хэрэггүй. Зовлон тоочихын хэрээр сэтгэлийн шаналгаа чинь нэмэгдэж, эрч хүчээ алддаг гэдгийг бүү мартаарай.
Тусламжийн гар дэргэд чинь ч байж мэдэх юм. Бүхий л таньж мэддэг хүмүүс рүүгээ захидал илгээх, эсвэл уулзаж ярилцах, утасдах зэргээр ажил хайж буйгаа мэдэгд. Тусламжийн гар хаа явааг та бидний хэн нь ч анзаардаггүй. “Миний анхны хөрөнгө оруулагч хөрш минь болсон.
Түүнтэй энэ тухай ярилцаагүй бол өдийд энэ ажлыг эхлээ ч үгүй сууж байж мэдэх л байсан” хэмээн нэгэн бизнесмэн дурссан байдаг.
Алхам алхмаар. Таны хамгийн эхэнд шийдвэрлэх томоохон асуудал чинь ажил олох. Гэхдээ том зүйлд хүрэхийн тулд жижиг шатаар өгсдөг гэдгийг бүү мартаарай. “Ажил олсонгүй ээ” хэмээн гутрахын оронд “Өнөөдөр дөрвөн ч ажлын ярилцлагад орчихлоо” хэмээн амжилтаа дурс. Дараагийн алхамд чинь туслах болно.