Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Н.Самдуу гуай өөрийн ТҮЦ-ээ үүрийн таван цагт ачуулаад, арга мухардаж яваа талаараа бидэнтэй хуваалцсан юм. Өдгөө 70 гарсан настанд амьдралаа залгуулдаг гол эх үүсвэр нь ТҮЦ байжээ.
-Та ТҮЦ ажиллуулаад хэр удаж байна вэ?
-Би улсад 33 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш 18 жил худалдаа наймаа эрхэлж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Төв номын сангийн урд байрлах жижигхэн ТҮЦ-ийг ажиллууллаад хоёр идэхгүй, хоосон хонохгүй ганц охинтойгоо амьдарч байлаа. Гэвч хотын даргад бидний ажил нүдэнд орсон хог шиг л тээртэй харагддаг бололтой. 18 жил наймаа хийсний дүнд олж авсан ганц эзэмшлийг минь нэг л өглөө ирээд ачаад явчихдаг юм байна.
-Танд ТҮЦ-ийг чинь хураана гэж урьдчилж мэдэгдсэн үү?
-Урьдчилж огт мэдэгдэлгүйгээр 6-дугаар сарын 12-ны өглөө 5 цаг 25 минутад аччихсан. Би юу ч хийж чадаагүй. Худалдаа эрхлэгчдийн холбооны гишүүдээ дуудаж, хэл амтай хэсэг нөхдийн хүчинд дэргэд байсан өөр нэг хүний ТҮЦ-ийг хураалгалгүй үлдэж чадсан. Тэнд бараг л мөргөлдөөн болж байж авч үлдсэн дээ.
-Худалдаа эрхлэгч бүсгүйчүүд таныг хөдөлмөрийн чадвараа алдсан, бие муутай гэж байсан.
-Арван жилийн өмнө ах нь цус харваад, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Амьдралд сайн муу олон зүйл тохиолдох юм. Насны эцэст ганц ТҮЦ-ээр яах ч билээ гэж бодон хаячих гэхээр охинынхоо сургуулийг бодоод арай ч зүрхэлдэггүй юм байна. Нийт худалдаа эрхлэгчдийн 80 гаруй хувь нь бүсгүйчүүд байна. Олон бүсгүйтэй хөөгдөж туугдаад, эзэмшлээ хураалгах ямар л олиг байхав. Өөрийн үндсэн хөрөнгөө захиран зарцуулж байгаа хүмүүсийг Мэргэжлийн хяналт, Цагдаа хүчнийхнээр байнга дарамтлуулаад байгааг ойлгохгүй юм.
-Та грүүп, тэтгэврийн мөнгө авдаг уу? Ямар ажил хийдэг байсан бэ?
-Амьдралын төлөө хийж үзээгүй ажил гэж бараг байхгүй дээ. Ер нь барилга дээр л их ажилладаг байсан. Одоо сард тэтгэврийн 300.000 мянган төгрөг авна. Харин грүүпийн мөнгө авахаа болиод удаж байна. 300.000 мянган төгрөг охин бид хоёрт яаж хүрэх билээ. Залуу хүүхэд өдөрт л 10000 төгрөгөөр хоол унд авчихдаг болохоор аргагүй юм. Гэсэн ч охиноо хүнд муу хэлүүлэхгүйн тулд ТҮЦ-дээ ажиллуулахгүй, өөрөө суудаг.
-Худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь өртэй байдаг гэх юм. Та өртэй юу?
-Манайханд өргүй хүн гэж бараг байхгүй. Би л гэхэд гурван сая төгрөгийн өртэй. Ачуулсан ТҮЦ-ээ авахын тулд 220.000 төгрөг шаардлагатай. Бас кранаар ачуулахад 200.000 мянган төгрөг хэрэгтэй гэнэ. Энэ мөнгийг бас л зээлэхээс өөр аргагүй. Одоо Сүхбаатар дүүргийн Засаг Даргийн Тамгын Газар орж ТҮЦ-ээ буцааж авах талаар хөөцөлдөнө.
-ТҮЦ ажиллуулахад нэг өдрийн орлого дунджаар хэдэн төгрөг байдаг вэ?
-Өдөрт 15000-25000 төгрөг л олдог. Биднийг тамхи ширхгээр зараад их ашиг олдог гэж боддог байх. Шалгалт орж ирээд баригдвал 300.000 мянган төгрөгөөр торгуулдаг. Нэг танил маань сард гурван удаа торгуулаад 900.000 төгрөг төлсөн. Тиймээс би тамхи зарахаас хашраад сүүлд больсон.
-Ийм юм асууж байгаад уучлаарай. Таныг түц дотроо амьдардаг байсан гэж дуулсан. Өөрийн гэсэн гэр орон байдаггүй юм уу?
-Би айлын хашаанд байшин түрээсэлж амьдардаг юм. Байрандаа сар бүр 150.000 мянган төгрөг төлдөг. ТҮЦ-ээ ачуулахгүйн тулд дотор нь сүүлийн сар шахам амьдарлаа шүү дээ. Жижиг умгар газар олигтой хэвтэж ч болохгүй болохоор миний насны хүнд амаргүй юм билээ. Тэгээд гэртээ ирж хэсэг амрах гэтэл чоно борооноор гэгчээр аччихсан.
-Нийтийн эрх ашгийг бодоод нүүлгэх ёстой гэдэг. Хэрэв хэдэн төгрөг аваад л явуулчих байсан юм бол анхнаасаа ачих шаардлага юу байгаа юм бол?
-Хотын өнгө үзэмж гутааж байна гэдэг юм. Гэхдээ хэдэн цаас авах гэж л нааш цааш нь зөөдөг шүү дээ. Бид нар төр засгаас мөнгө гуйхгүй. Биднийг тайван орхиод өгөөч л гэж хүсэх байна.
Ярилцсан баярлалаа