Монгол-Оросын цэргийн хамтарсан сургуулилалт ОХУ-ын Буриадын БНУ-д болох гэж байгаатай холбогдуулан Оросын сэтгүүлч Алексей Грязев дараах нийтлэлийг бичсэнийг сийрүүлэн хүргэж байна.
Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ-2018” цэргийн сургуулилалт Буриадын БНУ-д зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн сургуулилалт урьд байгаагүй өргөн хэмжээнд болох гэж байна. Тус сургуулилалт найм, есдүгээр сард болдог уламжлалтай ч энэ удаад дөрөвдүгээр улиралд зохиохоор төлөвлөсөн бөгөөд уламжал ёсоор Буриадын “Бурунди” полигонд товлогджээ. “Сэлэнгэ” цэргийн сургуулилалт нь терроризмын эсрэг чиглэгдсэн тул янз бүрийн нөхцөлд зохиогддог онцлогтой. Тухайлбал, 2017 онд Монголын Говьд орших полигонд болж байв. 11 удаа зохиогдсон тус сургуулилалт анх “Дархан” нэртэй байсан бол 2008 оноос “Сэлэнгэ” хэмээн нэрлэх болжээ. Үүнээс Монголд тав, ОХУ-д дөрвөн удаа, 2011 онд хоёр орны нутаг дэвсгэрт зэрэг зохиогдсон.
МОНГОЛЫН АРМИ
Монгол, Орос улс тус бүр 1000 цэргийн албан хаагчийг энэ жилийн сургуулилалтад оролцуулна. Ерөнхийлөгч Владимир Путины 2018 оны нэгдүгээр сарын 1-ний тушаалаар зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 1 сая 900 мянгад хүрсэн манай орны хувьд 1000 цэргийн сургуулилалт гэдэг бол ач холбогдол багатай. Харин Монголын талд чухал үйл явдал юм. The Military Balance-ийн 2018 оны тайлангаар Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 9700 байгаа бөгөөд үүнээс 3300 нь хугацаат цэргийн алба хаагчид юм. Харин хилийн цэрэг болон барилгын цэргийн 7500 алба хаагчид үүнд хамаараагүй болно. Түүнчлэн The Military Balance-ийн тайланд дурдсанаар Монголын зэвсэгт хүчин 1000 зэвсэг техниктэй. Цэрэг, армийн салбарын мэргэжилтэн Василий Кашиний хэлсэнээр энэ үзүүлэлт бол зөвхөн цаасан дээрх л тоо тул Монголын бодит байдлыг илтгэхгүй ажээ. “Монгол улсын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөнөөр армийнх нь бие бүрэлдэхүүн хэд дахин багасч, зэр зэвсэг нь агуулахад шилжсэн. Монголчууд 90-ээд онд армиа тэтгэж дэмжихийн тулд зарж болох бүх техникээ худалдаж борлуулсан. Харин 2000-аад оноос эхлэн цэрэг армиа өөд нь татаж, олон улсын ажиллагаанд оролцдог болсон. Энэ ажиллагааны үр дүнд тус улсын зэвсэгт хүчин хөгжиж байна” хэмээн тэрбээр ярилаа. Кашин нь Европ, Олон улсын судалгааны төвийн Олон улсын цэргийн улстөр, цэргийн эдийн засгийн асуудал хариуцсан салбарын эрхлэгчийн ажил эрхэлдэг.
МОНГОЛТОЙ ХАМТРАХ ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТ ОРОСТ ХЭРЭГТЭЙ ЮУ?
“Монгол бол Оростой нягт харилцаж ирсэн уламжлалтай орон. Гэвч сүүлийн жилүүдэд манай хоёр орны хамтын ажиллагаа хангалттай сайн хөгжихгүй байна. Монгол улсад анхаарал тавьж байгаа Оросын цорын ганц салбар бол одоогоор Батлан хамгаалах л байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам Монголын зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэхэд маш том хувь нэмрийг оруулж ирлээ. Хуучин цагт манай хоёр орон илүү гүн гүнзгий харилцаатай байсан. Монгол улс ЗХУ-ын Алс Дорнодыг батлан хамгаалахад чиглэгдсэн бодлогын гол хэсэг нь байсан. Эхлээд Японы болзошгүй довтолгооноос хамгаалах дундын бүс байсан бол Зөвлөлт, Хятадын харилцаа муудах үед тус улсын ач холбогдол илүү их болсон” хэмээн ноён Кашин онцолж байна. Тэрбээр цааш нь “ОХУ Монголтой цэргийн хамтарсан сургуулилалт хийх нь тус бүс нутаг дахь Оросын нөлөөг сэргээхэд нөлөөлнө гэсэн үг биш юм. Учир нь ОХУ, Монголын аль ч БНХАУ-ыг дайснаа гэж үзэхгүй байгаа. Нэгдүгээрт, Монголын армийн хүч чадал Хятадынхтай харьцуулахад хэт бага байна. Хоёрдугаарт, Урд хөрштэйгөө зөрчилдөх шалтгаан байхгүй гэж монголчууд өөрсдөө үзэж байгаа” хэмээн тэмдэглэлээ.
Терроризмын эсрэг “Сэлэнгэ” цэргийн хамтарсан сургуулилалт нь Дундад Азиас ирэх болзошгүй аюулаас ОХУ сэргийлэхэд бэлтгэх ач холбогдолтойгоос гадна, Улаанбаатартай нягт хамтын ажиллагаагаа хадгалах боломжийг манайд олгож байгаа юм.Кашины үзэж байгаагаар “Батлан хамгаалах гэсэн ганц салбараараа ч болтугай Монгол улстайгаа хуучин харилцаагаа хадгалж байх нь Оросын хувьд давуу тал юм”.
Монгол улстай хамтрах цэргийн сургуулилалтаас гадна өөр бусад сургуулилалтад оролцохоор Оросын зэвсэгт хүчин бэлтгэж байгаа. Тухайлбал, Орос-Хятадын “Морское взаимодействие-2018”, Орос-Японы “Сарекс-2018”, Орос-Энэтхэгийн “Индра-2018” цэргийн сургуулилалтыг тус тус зохион байгуулна.