Дархан-Уул аймагт амьдардаг өндөр настай ах минь энэ жил Үндэсний их баяр наадмаа Улаанбаатарт үзэхээр шийджээ. Тэрбээр хэд хоногийн өмнө аав руу залган “Наадмын тасалбар олж өгөх арга чарга байна уу. Хотод очсоных баярын нээлт үзмээр байна” гэж хүндхэн үүрэг тохоов. Бас болоогүй ээ, “Гайгүйхэн суудал аваарай” хэмээн “томорсон” гэж байгаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр үзэх, тэр дундаа наадмын нээлтийн тасалбар олж авна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай дүйх завшаан гэдгийг хэн хүнээс илүү мэддэг аавд минь энэ захиас хүнд санагдсан ч “За болгоно оо” гээд итгэлгүйхэн дуугарсан. Аав уржнан наадмын тасалбар авахаар дугаарлагсдын эгнээнд бүтэн өдөржин зогсоод, орой нь уруу царайлсаар хоосон ирж билээ. Тэгээд ээж, дүү хоёрт наадмын нээлт үзүүлэх амлалтаа биелүүлэхийн тулд өнөөх “ховрын бараа”-г гурав дахин өндөр үнээр шагчдаас авсан юм даг. Харин би Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын үеэр хөл тавьж үзээгүй.
Наадмын тасалбартай холбоотой хэл ам, хэрүүл тэмцэл жил бүр өрнөдөг. Жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадмаа Төв цэнгэлдэхэд үзэхийг хүссэн иргэд тасалбар түгээдэг Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний гадаа хонон өнжин дугаарлаж, уртаас урт дараалал үүсгэдэг нь уламжлал болсон. Ямар сайндаа л “Нийслэлчүүд цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх гэж, цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхийн тулд жилийн жилд зодолддог” гэсэн яриа хүртэл гарсан билээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган суудалтай. Өдгөө нийслэлд амьдарч буй иргэдийн 0.8 хувь нь л тэнд тухлах боломжтой гэсэн үг. Нэг хүнд ганц л тасалбар олгоно гэж тооцоолбол наадмын хоёр өдөрт нийслэлчүүдийн 1.7 хувь нь л энэ өргөөнд хөл тавих эрхтэй. Гэтэл нийт суудлынх нь 20-25 хувь нь жуулчдынх болдог. Дээрээс нь орон нутгийн иргэд ч тодорхой хувийг “хороочихно”. 1.4 сая хүн амтай, метрополис хотын Төв цэнгэлдэх хүрээлэн ийм тооны суудалтай байна гэдэг дэндүү чамлалттай байгаа биз. Ийм байхад “зодолдохгүй” гээд ч яах билээ.
Өнгөрсөн жил 3000 гаруй жуулчин Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын ёслол үзжээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны тасалбарыг гадаадынханд олгож, үлдсэн 9000-ыг нь монголчууддаа хуваарилсан гэсэн үг. Тасалбарыг 16-24 мянган төгрөгөөр худалдаж байв. Харин өнөө жил чухам хэчнээн жуулчинд наадам үзэх боломж олгох, бидэнд хэд нь ногдох, тасалбар ямар үнэтэй байх нь одоо хүртэл тодорхойгүй. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон өнөө, маргаашгүй хуралдаж, үүнийг тодорхой болгох сураг дуулдав.
Наадам зохион байгуулагчид ноднин “Ирэх жилээс тасалбараа нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан олгоно” хэмээн мэдэгдсэн юм даг. Тэгвэл үүнийг энэ жил хэрэгжүүлэхээр наадмын комиссынхон ярьж буй талаар баттай бус эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, ирэх сарын 7-ноос “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төв дэх Нэгдсэн үйлчилгээний төвөөр тасалбар түгээх гэнэ. Ийм зохион байгуулалт хийвэл иргэд амьдарч буй дүүрэгтээ аль ойр цэгээс наадам үзэх “эрх”-ээ авах боломж бүрдэх нь. Түүнчлэн “ховрын бараа”-г дамлан худалдах нь багасна гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол наадамчин олныг гонсойлгодог, тэдний байнга ярьдаг бэрхшээлүүдийн нэг шийдэгдэх нь. Гэхдээ анхаарах зүйлс бий. Тухайлбал, Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний тасалбар түгээгч нь цаг баримталдаггүйгээс хүлээлт үүсгэж, иргэдийг нэлээд бухимдуулдаг байсан. Бас зарим түгээгч танил тал, хамаатан садандаа давуу эрх олгодог гэсэн шүүмжлэл ч байнга гардаг. Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвийнхөн ч энэ алдааг давтахгүй гэх баталгаагүй учир наадам зохион байгуулагчид үүнд анхаарахад гэмгүй болов уу.
Наадмын үеэр жил бүр үүсдэг дүр зурагт тулгуурлан, нийслэлчүүдийг дөрөв хувааж болохоор. Төв цэнгэлдэхэд наадам үзэх нь холын мөрөөдөл гэдгийг ойлгож, тийш зүглэхээс халгагсад, тасалбарын төлөө хонон өнжин дугаарлаад хоосон буцагсад, тэнгэрээс од шүүрэгсэд болон шагийн наймаачидтай нөхөрлөгсөд. Та үүний аль нэг ангилалд эргэлзээгүй багтана. Хоржоонтой ч энэ бодит байдал билээ.
Тасалбартай холбоотой зөрчил, маргааныг цэгцлэх нэг арга нь онлайн худалдаа нэвтрүүлэх. Иргэд аль нэг байгууллагын үүд сахих шаардлагагүй компьютерынхоо ард сууж байгаад л тасалбар захиална гэсэн үг. Тэртээ тэргүй хүртээмжгүй, аз, одтойд нь “очдог” зүйлийг цахим технологи ашиглаад, сугалааны зарчмаар олгож яагаад болохгүй гэж. Цаг хугацаанд ч хэмнэлттэй. Бухимдаж, хэрүүл тэмцэл хийх шаардлагагүй. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон ийм шийдэл нэвтрүүлнэ гэж жил бүр ёс юм шиг ярьдаг ч хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн. Өмнөхөөс ялгаатай нь, онлайнаар тасалбар түгээх программ хангамжийг энэ жил нэвтрүүлжээ. Даанч өнөөхийг нь наадмаас өмнө ашиглах боломжгүй гэсэн.
...Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган суудалтай. Өдгөө нийслэлд амьдарч буй иргэдийн 0.8 хувь нь л тэнд тухлах боломжтой гэсэн үг. Нэг хүнд ганц л тасалбар олгоно гэж тооцоолбол наадмын хоёр өдөрт нийслэлчүүдийн 1.7 хувь нь л энэ өргөөнд хөл тавих эрхтэй. Гэтэл нийт суудлынх нь 20-25 хувь нь жуулчдынх болдог. Дээрээс нь орон нутгийн иргэд ч тодорхой хувийг “хороочихно”...
Хэрэв тасалбарыг ийм журмаар олгодог болчихвол иргэд, ялангуяа жуулчдад амар. Жуулчид наадам үзэх хүсэлтээ аяллын компаниудаар дамжуулаад хавраас нийслэлийн Жуулчны мэдээллийн төвүүдэд өгдөг. Харин тэдний хүсэлт биелэх үү, үгүй юү гэдгийг Үндэсний их баяр наадмын комиссынхон хуралдаж шийддэг. Өөрөөр хэлбэл, жуулчид их хүлээлтийн хариугаа баяраас хэдхэн хоногийн өмнө авдаг гэсэн үг. Харин цахим системд шилжвэл жуулчид аяллаа эрт төлөвлөж, бас ямар нэг компани, тур оператороор зуучлуулж ажил удахгүй, тасалбарыг өөрсдөө захиалах боломж бүрдэх юм.
Экстрим аялал зохион байгуулдаг “Сод аялал” компанийн захирал Э.Тэмүүлэн “Аялал жуулчлал ид идэвхждэг үед болдог ганц арга хэмжээ нь Үндэсний их баяр наадам. Гэтэл энэ үеэр хэчнээн жуулчин хүлээн авах, хэдэд нь суудал өгөх вэ гэдэг нь тодорхойгүй байсаар цаг тулж, зарим нь аяллын багцаа цуцалдаг. Суудлын тоо нь тодорхой байхад тасалбарын хуваарилалтаа эрт хийх хэрэгтэй” хэмээн ярьсан нь учиртай.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрынхантай өчигдөр хэдэнтээ холбогдож, энэ талаар тодруулахад “Бид сайн мэдэхгүй байна. Дарга нараасаа асуугаад тодорхой хариу хэлье” гээд таг чиг болсон.
Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. “Наадмын комисс хуралдах гэж байна”, “Өнөө маргаашгүй хуралдана” гэсээр долдугаар сартай золгох нь, энэ янзаараа. Магадгүй аливааг цагийг нь тулгаж хийдэг, үймж бужигналддаг бидний нийтлэг араншингийн илрэл байх. Наадамчдыг зодолдуулдаг бас нэг шалтгаан нь энэ юм.