Цалингаас цалингийн хооронд амьдарч байна уу? Авсан цалингаараа зээлээ төлөөд, мөнгөгүй болчихоороо дахиад л өр тавьдаг уу? Бид мөнгийг олж чаддаг, үүний адилаар ямар ч үр дүн, төлөвлөгөөгүйгээр гарынхаа салаагаар урсгаж чаддаг. Тэгэхээр мөнгөтэй болсон ч түүнийг тогтоон барина гэдэг их ухаан юм. Тиймээс энэ байдлаа халж, өр зээлгүйгээр хүссэнээ авах аргыг туршаад үзээрэй.
Алхам 1
Эхний алхам бол бүх орлого, зарлагаа жагсаан бич. Эхлээд тогтмол байдаг орлого, зарлагаа тодорхой болгон бичээрэй.
Алхам 2
Бичсэн жагсаалтаас та юунд мөнгөө зарцуулж байгаа нь тодорхой харагдах болно. Магадгүй та ач холбогдолгүй жижиг сажиг зүйлст их мөнгө зарцуулснаас болоод хүссэн зүйлээ авч чадахгүй байж болох юм.
Алхам 3
Худалдаж авах чухал зүйлсээ төвөгшөөлгүй яг тодорхой бич. Мөн түүнд зарцуулагдах мөнгөний хэмжээ, хугацааг тодорхойл. Дуслыг хураавал далай гэдэг шиг цалингийнхаа багахан хувийг тогтмол хадгалснаар хүссэн зүйлээ тодорхой хугацааны дараа авах болно. Долоо хоног бүр /сар бүр /хэдэн төгрөг хадгалах ёстой вэ гэдгээ тодорхойл. Тухайлбал, та гурван жилийн дотор хоёр сая төгрөгтэй болохыг хүсэж байгаа бол сар бүр 55 мянган төгрөг цааш нь хийх хэрэгтэй. Ийн хугацаа товлох нь зорилгыг тань илүү бодитой болгоно.
Алхам 4
Зардлаа цэгцэл. Та нэг юмуу, хоёр сарын дараа зарлагын баримтаа нягталж хараарай. Ингээд та тамхинд 60 мянга, гар утасны төлбөрт 65 мянга, шоунд 90 мянга гээд мөнгөө дэмий гэж хэлж болохоор зүйлст их хэмжээгээр үрснээ хараад цаашид татгалзах сэтгэгдэл төрнө. Мөн амттан, хэрэггүй гоёл, өмсөхгүй хувцас гэх мэт шаардлагагүй зардлаа багасгаж, хэмнэсэн мөнгөө хадгаламжиндаа нэмээрэй. Төлөвлөөгүй зардал гаргах гээд байгаа бол бичсэн жагсаалтаа эргэн нэг хараарай. Шинэ хувцас авахынхаа оронд хадгалсан мөнгөөрөө дараа сард компьютер авах нь чухал гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй.
Алхам 5
Бидний ихэнх нь тогтмол яг хэдэн төгрөгийн цалин авдаг, энэхүү цалингаа хэрхэн нэмэгдүүлэх, илүү идэвхи санаачлагатай ажилласны урамшуулал авах боломж байгаа эсэхийг байн байн бодож эргэцүүлэх цаг өөрсдөдөө гаргадаггүй. Үүнээсээ болоод ч олон боломжийг харалгүй өнгөрөөх нь цөөнгүй.
Энэ мэтээр санхүүдээ цаг гаргаж, орлого зарлагаа тооцоолж чадвал өрнөөс өрний хооронд өртөөлсөн амьдралаас салж, сэтгэл хангалуун үлдэх болно.
СанхҮҮгийн боловсрол мөнгөнөөс хүчирхэг зҮйл
Эцэг, эхчүүд хүүхдээ “Сургуульдаа яв, маш сайн сур” гэж зөвлөдөг. Сургуулиа сайн дүнтэй, амжилттай төгссөн ч санхүүгийн асуудалд хандах хандлага, мөнгөний талаарх мэдлэг тун ядмаг байх нь элбэг. Их, дээд сургуулийг сайн дүнтэй дүүргэсэн чадварлаг эмч, нягтлан, банкны ажилтан ч амьдралынхаа турш санхүүгийн асуудалтай тэмцсээр л байдаг. Сургууль хүүхдэд мөнгөний тухай заадаггүй, тэд эцэг, эхээсээ л мөнгөний талаар мэдлэг олж авдаг. Хэрэв эцэг, эх нь санхүүгийн суурь боловсролгүй бол хүүхдэдээ мөнгөний тухай ямар зөвлөгөө өгөх бол?
Санхүүгийн боловсролгүй эцэг, эхийн зөвлөгөө
1. Маш сайн сурснаар чи сайн компанид ажилд орж, их мөнгө олно.
2. Хоолны ширээний ард мөнгөний тухай хэзээ ч ярьдаггүй, цээрлэдэг.
3. Мөнгөтэй холбоотой асуудал дээр аз турших хэрэггүй.
4. Орон сууц бол манай хамгийн үнэтэй хөрөнгө.
5. Ямар ч асуудалтай байсан эхлээд өр, төлбөрөө цаг тухайд нь төл.
6. Сайн ажилласных нь төлөө компани болон засгийн газар өөрийг нь харж үзнэ гэж боддог. Цалингийн өсөлт, тэтгэвэр, даатгал зэрэгт найддаг.
7. Багахан хэмжээний хадгаламжтай байхыг хүсдэг.
8. Хүүхдээ сайн суралцаж, сайн ажил олох талаар бод гэдэг.
Санхүүгийн боловсролтой эцэг, эхийн зөвлөгөө
1. Сайн сурвал чи мөнгөний төлөө бус, харин мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулах болно.
2. Хоолны ширээний ард байхдаа мөнгө, бизнесийн талаар ярьдаг.
3. Бэрхшээлээс бүү зугт, хэрхэн даван туулах талаар суралц.
4. Хамгийн үнэтэй хөрөнгө чинь орон сууц бол та санхүүгийн асуудалтай байна.
5. Өр, төлбөрөөс айх хэрэггүй. Асуудлаа цэгцэлсний дараа төлбөрөө цагтаа төл.
6. Бие даасан санхүүгийн чадамжтай байх хэрэгтэй. Цалингийн өсөлт, компанийн хангамж, төрийн тэтгэлэг гэх мэт зүйлд найдах хэрэггүй.
7. Зөвхөн хадгалах бус, мөнгөө өсгөх хөрөнгө оруулалт хийдэг.
8. Санхүүгийн төлөвлөгөө гаргаж, хүчирхэг бизнес эхэлж, шинээр ажлын байр бий болгохыг заадаг.
Хүмүүсийн бодож буй бодол нь амьдралд биеллээ олж байдаг. Санхүүгийн мэдлэгээр ядуу нь "Би хэзээ ч баян амьдрахгүй" гэж хэлдэг байсан нь бодит амьдралд биеллээ олсон. Харин мэдлэгтэй нь өөрийгөө баян хүн шиг бодож, баян хүн хэзээ ч ийм зүйл хийдэггүй гэдэг байв. Ядуу хүн, санхүүгийн асуудалтай хүн хоёр нь ондоо ойлголт юм. Мөнгөний асуудал бол түр зуурынх, харин ядуу нь мөнхийнх. Би мөнгөнд дургүй, мөнгө бол асуудал биш гэж ядуу нь үздэг байхад баян нь мөнгө бол хүч чадал гэж боддог. Мөнгө нь нэг төрлийн хүч юм. Гэхдээ мөнгөнөөс илүү хүчирхэг зүйл бол санхүүгийн боловсрол. Мөнгө ирж, явж байдаг ба түүнийг хэрхэн ажилладаг талаар мэдлэгтэй, боловсролтой байвал та түүгээр хүч чадал, эд хөрөнгийг бий болгож чадна. Зөвхөн эерэг бодлыг өөртөө агууллаа гээд мөнгөний талаарх мэдлэггүй бол хүмүүс сургууль дүүргэж, боловсрол эзэмшсэн ч мөнгөний төлөө ажилласаар л байдаг.