ДБЭТ-ын 48 дахь улирлын нээлтээ Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дууриар эхлэх гэж байна. Монголын үзэгчидтэй 1967 онд танилцаж байсан уг дуурийг Италийн консерваторийн удирдаач Роберто Салвалио дохиж, Эрвээхэй хатагтайн дүрийг тус театрын гоцлооч Б.Эрдэнэтуяа амилуулах юм.
Харин балетийн тоглолтуудын салхийг хагалж П.Чайковскийн алдарт “Хунт нуур” аравдугаар сарын 10-нд үзэгчдийн хүртээл болно. Өнгөрөгч онд дуурь, балет, найрал хөгжим, хүндэтгэлийн тоглолтоор улирлын нээлтээ 20-иод хоногийн турш хийж байсан тус театрын уран бүтээлчид энэ удаад Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата” дуурь, А.Аданы “Жизель”, С.Прокофьевийн “Ромео Жульетта”, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгээр үзэгчдэд бэлэг барих гэж байна.