Дархад нутгийн гавъяат Б. Дариймаагийн “Хөвсгөл нутгийн цуурай” тоглолт ирэх сарын 2-нд Улсын ардын дуу бүжгийн чуулгын байранд болох гэж байна. Тоглолтод Ардын жүжигчин Д. Самбуу, МУГЖ Д. Надмид оролцон тоглох аж.
Б. Дариймаа уянгат сайхан дархад дуугаа дуулаад зогсохгүй судалгаа хийж, сан хөмрөг, үүх түүхийг нь сонирхож явдаг хүн. Тэрбээр “Онгон сайхан хангай”, “Дархад ардын дууны гайхам өв сан” нэртэй судалгааны номоо гаргажээ.
Дархад дуу судлаач, Бельгийн их сургуулийн профессор Лаурин Логон “Дариймаагийн хийж буй дархад ардын дууны өв санг хамгаалах энэ ажил эрдмийн зэрэгтэй тэнцэнэ. Жилээс жилд цөөрч буй буурал өтгөс өвгөдөөс ая эгшигтэй нь цуглуулж авсан олон дуу дахин одохгүй ховор эрдэнэсийн сан” гэж дүгнэжээ