Анугийнх ам бүл тавуулаа. Тэрбээр гурван охины дундах нь. Түүний аавыг Чулуунбаатар гэдэг бөгөөд Цагдаагийн академид багшилдаг аж. Ану аавынхаа багшилдаг сургуульд нэгээс гуравдугаар курс хүртлээ онц дүнтэй суралцаж байсан ч аав нь багш учраас сайн сурдаг гэх ховноос болоод МУИС-ийн Хуулийн Сургуульд шилжин суралцаж хуульч, эрх зүйч мэргэжлийг эзэмшжээ. Хүүхэд байхдаа пионерийн зусланд ч амарч үзээгүй нь хатуу чанга гэр бүлийн хүмүүжилтэй нь холбоотой гэсэн. Гэхдээ энэ гэр бүлийн нэгэн гишүүн болж мэндэлсэндээ үргэлж бахархаж явдаг. Анугийн ээжийг Болормаа гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй хэдий ч эмийн бизнес эрхэлдэг юм байна. Түүний зэрэгцээ охиныхоо менежерийн албыг давхар хашдаг, хүчтэй эмэгтэй. Эгч Уянхолбоо нь бизнесийн удирдлагын чиглэлээр мастер хамгаалахаар Герман улсад суралцдаг аж. Ануд хамгийн их хань болдог, үнэнч зөвлөгч нь түүний дүү Номинхолбоо. Тэрбээр Rafles институтэд менежментийн чиглэлээр суралцдаг. Эгчээсээ ч дутахгүй дуулахын зэрэгцээ төгөлдөр хуур хөгжим тоглодог авьяастай охин гэж зочин маань дүүгээ онцолсон. Охидын нэрний хувьд үргэлж эв эеийг хичээж, гэр бүлээ зангидан холбож байхыг бэлгэдсэн учиртай гэнэ лээ.
Өнгө алагласан хувцсаар “Gala” имижийг бүрдүүлж, өсвөр насны охидыг хуйлруулдаг байсан хоёр охины нэг өдгөө эрчүүдийн нүдийг булаах үзэмж төгс бүсгүй болон хувирчээ. Сайхан хүүхнийг балаг тойрохгүй гэгчээр сайн муу хов жив түүнийг бүчнэ. Тэр сөхрөх нь битгий хэл, харин ч эрч хүч нэмэн, гялалзан тодрох од болжээ. Гунхсан алхаа, гоолиг бие, ялдам хоолой, янаг төрх.. энэ бүхэн түүний тодорхойлолт. Өндөр өсгийтөө тайлж, үс гэзгээ боосон ч халуухан төрхөө хадгалсан хэвээр биднийг гэртээ угтлаа. Энэ удаагийн зочин бол Чулуунбаатарын Уранхолбоо буюу дуучин Ану.
Тэрбээр Америк, Англи, Франц, Чех, Орос, Солонгос, Сингапур, Хятадын Хонгконг, Шанхай, Гуанжугаар аялж байжээ. Улс эх орон минь учраас ямар ч сайхан хөгжилтэй улсаас илүү санагддаг. Эх нутгийнхаа хөгжил гэхээсээ илүү байгальд маш их сэтгэл зовнидог. Юун түрүүнд Улаанбаатар хотоо ногоон байгууламжаар дүүрэн хот болгох хэрэгтэй. Ингэснээр бид утаа угаарт биш цэвэр сайхан агаарт амьдрах болно. Хий хоосон мөрөөдөөд суух биш иргэн бүр энэ ажилд идэвхтэй оролцоосой гэж хүсдэг тухайгаа хэлсэн юм.
-Ану хаа ч халуухан хэвээрээ л байх юм. Гялалзсан шигтгээгээр чимэглэсэн хувцас энгийн үед хүртэл өмсдөг юм уу?
-Тийм гэж үү, баярлалаа. Халуун байгаа учраас богино шорт, футболка өмссөн шүү дээ. Энэ бол миний энгийн үеийн л хувцаслалт. Ed Hardy брэндийн биеийн тамирын хослол, малгай надад их таалагддаг. Бүхэлдээ торгомсог материалаар хийгдсэн болохоор биед суугаад эвтэйхэн байдаг юм. Гэхдээ энэ брэндийн чимэглэл шигтгээнүүд хатгадаггүй, өвөрмөц зурагтай, яг л миний стиль.
-Та дандаа л өндөр өсгийтэй чамин гутал өмсдөг. Анх удаагаа л таныг кэт өмссөн байхыг харлаа?
-Би урлагийн хүн учраас байнга сайхан харагдах хэрэгтэй болдог. Хүмүүс намайг клипэн дээрх Анугаар төсөөлж, тийм байдлыг л шаарддаг. Тиймээс би байнга тэдний хүссэнээр байх хэрэгтэй болсон. Харин өнгөрсөн онд миний бөөр өвдөж, нэлээд удаан хугацаанд ажлаа хойшлуулан, биеэ эмчлүүлсэн. Эрүүл мэндийг юугаар ч сольшгүй үнэтэй, хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй юм гэдгийг ойлгосон л доо. Ингээд би хүний хүссэн Ану биш өөрийнхөөрөө, жинхэнэ Ану болж өөрчлөгдсөн гэх үү дээ. Одоо бол болж өгвөл намхан гутал өмсөж хөлөө амраахыг илүүд үздэг шүү.
-Тэгэхээр та өмнө нь худлаа дүр эсгэдэг байсан гэсэн үг үү. Ану гэж тэгвэл яг хэн юм бэ?
-Дүр эсгэдэг гэж хэлж болохгүй ээ. Урлагийн Ану, энгийн амьдрал дээрх Ану хоёр хоорондоо тодорхой хэмжээний ялгаатай. Дуучин Ану бол үзэгч, сонсогчдын юу хүсч буйг мэдрэн уран бүтээлээ хийж, бусдад үлгэр дууриал үзүүлэх ёстой нэгэн. Урлаг бол хариуцлага гэж би ойлгодог. Харин аав, ээжийн охин Уранхолбоо бол өөртэйгөө байнга ярилцаж, дотоод хүнээ сонсдог, материалист бус идеалист зүйлийг эрхэмлэдэг бүсгүй.
-Та ямар үед дотоод “би”-тэйгээ ярилцдаг вэ. Тэр чинь танд юу гэж зөвлөж байх юм?
-Ганцаараа байх нь надад их боломжийг олгодог. Яг энэ үед л би өөрийгөө чагнаж, чухам хэн бэ гэдгээ шүүн тунгаадаг даа. Миний дотоод “би” намайг яахаа мэдэхээ больсон үед юу хийх ёстойг зааж чиглүүлж өгдөг. Дотор хүнээс минь гадна миний гэр бүлийнхэн хамгийн сайн зөвлөгч байж чаддаг шүү.
-Таныг амьдралыг идеалист буюу оюун санааны нүдээр хардаг гэж ойлгож болох уу. Анугийн амьдралын утга учир юунд оршдог вэ?
-Тийм ээ, гэхдээ миний амьдрал идеалист болон материалист хоёрын цогц байх болно. Хорвоо ертөнцийн бүх зүйл мөнх бус оршдог. Эд баялаг, эрх ямба төдийгүй миний бие ч мөнх биш учраас ганц тохиох энэ амьдралдаа хүн шиг амьдармаар байна.Өөрөөр хэлбэл, тайван амгалан байдлыг өөрийн эрхгүй хүсэмжлэх болсон. Хүн төрөлхтөн бол байгаль болоод нийгмийн бүтээгдэхүүн. Би нийгэмтэй хангалттай холбогдсон учир одоо уул ус хосолсон сайхан байгальтай газар, мөрөөдлийнхөө байшинд, үр хүүхдүүдээ тойруулаад, хайртай хүнтэйгээ хүссэн бүхнээ хийж тайван баймаар байна. Энэ хүслийнхээ дагуу Хандгайтын аманд таван га газар худалдаж авсан. Тэндхийн байгаль миний сэтгэлийг хөдөлгөсөн учир эзнээс нь гуйж, нэлээд хөөцөлдөж байж өөрийн болгосон шүү. Миний амьдралын утга учир бол хайр. Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй гэж ээж маань хэлдэг юм. Хайрыг хайрла гэдэг үнэхээр үнэн үг.
-Хайрын тухай олон янзын тодорхойлолт бий. Таны хувьд хайр гэж юу вэ?
-Хүн хайраар амьсгалдаг. Эцэг эхийнхээ хайраас төрж, гэр бүлийн хайранд өлгийдүүлэн өсч тонисоор, найз нөхдийн хайраар урамшин хүч орж, эр нөхрийн хайранд умбасаар эмэгтэй хүн болж, үр хүүхдийнхээ хайраар эх хүн байхын сайхныг мэдэрч, хорвоогийн хайраар хатууждаг юм болов уу. Хайр миний хувьд дэлхий ертөнц оршин тогнох гол судас.
-Тэгвэл таныг эмэгтэй хүн болгож аз жаргал мэдрүүлэх тэр залуутайгаа та учирсан уу?
-Хайраа олсон гэдэгт зуун хувь итгэлтэй байгаа. Бид хоёр бие биедээ зориулагдсан хүмүүс. Удахгүй амьдралаа холбохоор төлөвлөж байгаа.
-Тэр азтай залуугийн хэн гэдгийг мэдэж болох уу. Магадгүй таныг найз залуугаа нууцлаад олны өмнө дэлгэдэггүй учраас элдэв хов жив гардаг ч юм бил үү. Жишээ нь, Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Чулуунбаттай холбож ч байх шиг?

-Хайртай хүн маань надаас нэг насаар ах, төрийн албан хаагч. За, одоо хэн нэгэн УИХ-ын гишүүн болгоод биччихнэ, нөгөө сэтгүүлчид чинь (инээв). Өндөр, чийрэг биетэй, нүдэнд дулаахан сайхан залуу бий. Өмнө нь спортоор хичээллэдэг байсан, хөлбөмбөг үзэх дуртай, боловсролтой, ирээдүйдээ ихийг бүтээхийн төлөө тэмүүлж, зорьж яваа залуу сэхээтэн гэж хэлж болно. Юутай ч тэр бол ганц байх миний хайрын эзэн. Би түүнээс өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Одоохондоо нэрийг нь хэлээд хэрэггүй байх. Намайг хайрласныхаа төлөө миний хайр элдэв хэл аманд өртөөсэй гэж би хүсэхгүй байна. Харин тэр цуу ярианы тухайд гэвэл Чулуунбат ахын урилгаар төрсөн өдөр дээр нь очиж дуулснаас өөр зүйл байхгүй. Хол ойрын хов живээр хоолоо олж иддэг хүмүүсийг өрөвдөх юм даа.
-Та сая найз залуутайгаа удахгүй амьдралаа холбоно гэж хэллээ. Хэзээ айлын эзэгтэй болж үрийн зулай үнэрлэх вэ?
-Би туулай жилтэй, матрын ордонд төрсөн. Матрын ордныхон үргэлж хөдөлмөрлөж байхын одонд төрсөн шиг байгаа юм. Гэхдээ байнга ажил, ажил гээд байвал амьдрал сүйрнэ биз дээ. Ажил, амьдралаа зохицуулж байж аз жаргалтай байх юм байна лээ. Бид хоёр туулай жилд хуримаа хийхээр төлөвлөсөн. Амьдрах газраа хүртэл сонгочихсон. Нэг хүү, хоёр хөөрхөн охинтой болоод эгдүүтэй чамин хувцаслаад хөтлөөд явмаар байна. Хоёр охин нь ихэр байгаасай гэж хэчнээн их хүсэж байна гээч. Хүүхэд үнэхээр айл гэрт гэрэл гэгээ авчирдаг эрдэнэ гэдгийг хүүхэдтэй холбоотой ажил эрхлэхээр мэдэрдэг юм билээ.
-Та хоёрын аль нэг нь ихрийн удамтай юм уу. Эсвэл Холливудын одод шиг эс хувааж суулгуулах гэж байгаа юм уу. Яагаад заавал ихэр гэж?
-Бидний хэнд нь ч ихрийн удам байхгүй ээ. Модны хоёрын замд байдаг Нялхсын клиник рүү ажлаар очиход тэнд байгаа хүүхдүүдийг хараад тийм бодол төрсөн юм. Яагаад ч юм ихэр хүүхдүүд хөөрхөн санагддаг. Одоо шинжлэх ухааны хөгжил асар хурдацтай дэвшиж байгаа учраас ихэр хүүхэдтэй болох олон найдвартай арга байгаа шүү дээ. Мөн хүүхэд өргөж авах санаа ч байгаа. Энэ талаар найз залуудаа хэлэхэд эхлээд хоёулаа өөрсдөө хүүхэдтэй болсныхоо дараа хүүхэд үрчилж авахад ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Намайг ийм сайн ойлгодог хүнтэй учирсандаа үнэхээр баяртай байгаа. Тэгээд ч би халамжтай эхнэр, сайн ээж, сайхан бэр болж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
-Хуримаа хаана хийхээр төлөвлөсөн бэ. Хуримын гоёлын тань загвар ямар байх бол?
-Монголдоо хуримын ёслолоо хийгээд, бал сараа Сингапурын “Сентоса” арал дээр өнгөрүүлэх болно. Хуримын шөнө түүндээ зориулсан, сэтгэл хөдөлгөм, гэнэтийн бэлэг барина. Би Сингад аялж байхдаа бал сараа гайхалтай өнгөрүүлж буй хосыг харсан юм. Голын эрэг дээр хөвөх завинд хосууд сууж, тэдэнд зориулсан мини оркестор уянгалаг ая эгшиглүүлж, гэргийнх нь дээрээс нисдэг тэргээр мянга мянган сарнай цэцгээр бороо ороод л, үнэхээр гоё. Хуримын даашинзын хувьд дэлхийд ганц байх загварыг зөвхөн тэр өдөрт зориулж, маш сонгодог бөгөөд тачаангуй хэв маягаар хийлгэнэ. Итали улс хуримын гоёлыг маш тансаг урладаг учир энэ орны дизайнер даашинзыг минь бүтээх болно. Энэ даашинз миний хамгийн хайртай, эрхэм хувцас байх учир өөрийнхөө өрөөнд шилэн хоргонд байрлуулна. Надад хамгийн таалагддаг хуримын хувцасны жишээ гэвэл Guns’n Roses хамтлагийн November rain дууны клипэнд гардаг тэр даашинз л даа.
-Маш өртөг өндөртэй хурим болох нь ээ. Манай улсад ердийн амьдаръя гэвэл нэг хүн сард хагас сая төгрөгийн орлоготой байх шаардлагатай. Гэтэл урлагийн, тэр дундаа эмэгтэй хүн түүнээс илүү хэрэглээтэй байх нь хэнд ч ойлгомжтой асуудал. Даруу биш асуулт байж болох ч таны сарын орлого болон зарлагыг сонирхмоор байна?
-Би “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагыг ажиллуулаад гурван жил гаран хугацаа өнгөрчээ. Сая наадмаар 2010 оны “Шилдэг манлайлагч эмэгтэй” шагналыг хүртсэн. Тухайн сард хэр хөдөлмөрлөсөн бэ гэдгээс орлого шалтгаална. Төрийн бус байгууллага маань сард 2,500,000 төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. Би нэг тоглолтонд дор хаяж мөн энэ хэмжээний мөнгөөр дуулдаг юм. Зарим сард арван мянган доллар олох үе байхад хааяа сая төгрөгөө яаж сарынхаа хэрэглээнд хүргэх тухай шаналах тохиолдол ч гардаг. Зарлагын хувьд сард 200,000 төгрөгийг утасны төлбөрт зарцуулдаг, өдөрт 50,000 төгрөгөөр шатахуун хийдэг юм. Өөр төлөвлөсөн болоод төлөвлөөгүй зүйлд мөнгө бага хэмжээгээр зарцуулдаг болохоор яг тэдэн төгрөг гээд хэлж чадахгүй нь.
Ану саяхнаас бясалгалаар хичээллэж, хагас цагаан хоолтон болжээ. Мах их хэрэглэхээр ууртай догшин болдог бөгөөд зун болж өгвөл хүнсэндээ ногоо, жимс, цагаан идээ хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн. Эмэгтэй хүн илүүдэл жинтэй бол гоо сайхнаа алдана. Гэхдээ энэ нь хэт туранхай “хэрзийсэн” байх хэрэгтэй гэсэн үг биш гэдгийг сануулсан шүү.
-Таны авч байсан хамгийн үнэтэй бэлэг юу вэ. Монгол мөнгөөр үнэлбэл хэдэн төгрөг байгаа бол?
- Бэлэг гэдэг сэтгэлийн илэрхийлэл болохоос мөнгөний хэмжээг тодорхойлогч биш шүү дээ. Хүнээс зүгээр авсан эд надад тийм тааламжтай сэтгэгдэл төрүүлдэггүй болохоор барагтай бол авдаггүй. Саяхан миний ээж надад 70 сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр машин аваарай гээд бэлэглэсэн. Түүн дээр өөрийнхөө мөнгийг нэмээд Range Rover 2010 оны загварыг нь авсан юм. Зарим хүмүүс ивээн тэтгэгчээсээ бэлгэнд авсан гээд цуурч л байна лээ. Монголд ийм машин бэлэглэх хүн байна гэж үү. Хэрвээ надад ийм бэлэг өгвөл би авахгүй. Миний найз залуугийн надад бэлэглэсэн хоёр мянга гаруй долларын үнэтэй бөгж хамгийн үнэтэй нандигнадаг зүйл минь юм даа.
-Амьдралынхаа хамгийн хэцүү бөгөөд гунигтай үеэсээ дурсаач. Аливаа бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?
-Хүн зовлон даадаг ч, жаргал даадаггүй гэж үнэхээр үнэн юм билээ. Гурван жилийн өмнө “Гала” хамтлаг тараад Ану гэдэг уран бүтээлчийн орон зайг үүсгэх гэж хичээж, хөдөлмөрлөж байсан үе надад хамгийн хэцүү байлаа. Аав хүртэл “Прокурор болох боломж чамд зөндөө байхад урлаг гээд л гүйгээд байсан. Гэтэл чиний нөгөө яриад байсан сайн сайхан хаана байна” гэж ам асууж байлаа. Өнгө мөнгөний хорвоод амьдарч байгаа гэдгээ мартчихсан байсан надад энэ мөч л бүхнийг сануулсан. “Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа. Зуурдын зовлонд унахад зуух олон ноходтой боллоо” гэж Р.Чойномын шүлэг шиг л алдар нэр дагаж гарч ирсэн найзууд аяндаа надаас холдоод, нөхөрлөлдөө үнэнч нэгэн нь шигшигдээд л үлддэг юм билээ.
Өөрийгөө олон сайхан найзтай гэж бодож явсан би энэ үнэнтэй нүүр тулаад хүний мөн чанарыг ойлгосон. Өндрөөс унаад, үнэхээр өвдөж байсан ч өндийгөөд босоход тулах хүч надад байсан юм билээ. Энэ хүч бол намайг хайрладаг хүмүүс минь. Яг энэ үед би найз залуутайгаа танилцсан. Тэр хүн намайг мандаж явахад наалдсан хачиг бус, уруудаж явахад ариун сэтгэлээрээ хайрласан учраас би түүндээ маш их хайртай. Гэхдээ аливаа бэрхшээлийн цаана даван туулах арга зам бий гэдэгт би итгэдэг. Итгэлийн хүч юуг ч бүтээж чаддаг гэдгийг ойлгосон. Одоо бол аливаа зүйл болж бүтэхгүй байгаа тохиолдолд голын эрэг дээр очоод усны урсгал харж, чимээг нь чагнаж сэтгэлээ тайвшруулдаг болсон. Байгаль бухимдсан сэтгэлийн хамгийн сайн эмч.
Гала хамтлагийн гол имиж нь солонгорсон өнгө байлаа. Тийм болохоор үс зүс, хувцас хунар, хумс хуруугаа будах хэрэгтэй болсон. Ягаан, ногоон, саарал гээд өнгө өнгөөр үсээ будсанаас болоод түүний үс ихэд гэмтсэнийг хараад гэнэт шийдээд үсчинд очоод хусуулчихжээ. Урлагийн хүний хувьд бас л том зориг шүү. Double Rich шампуний рекламанд парик өмсөж тоглосон гэдгээ ч нуугаагүй.
“Гала” тарах болсон шалтгааныг хүмүүс өөр өөрийнхөөрөө таамагласан. Эрэгтэй хүнээс болж муудалцаад саллаа гэх цуу яриа ч тухайн үед газар авч байсан. Харин энэ талаар Ану “Манай хамтлагийн Эрхт Монгол” групптээ хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан учраас бид уран бүтээлээ зогсоосон. Болороо маань даруу төлөв, үг дуу цөөтэй бол би хөдөлгөөнтэй. Эсрэг тэсрэг зан чанартай учир бид нэгнийхээ дутууг нөхөөд явдаг тийм сайхан найзууд, уран бүтээлийн хамтрагч байсан. Хар багаасаа найзалсан учраас нэгнийгээ бараг харцаар нь л ойлгоно. Үеийн охид маань найз хөвгүүнтэйгээ гадуур зугаалж байхад, бид хоёулхнаа бие дааж амьдраад, өмсөж зүүх, идэж уух гээд бүх зүйлээ өөрсдийнхөө олсон мөнгөөр худалдаж авдаг, нэгнийгээ ядрахыг хараад өөрөө ядарч байсан ч массаж, хоол хийж өгөөд, хамаг байдгаараа л арчилдаг байсан даа. Нөхөрлөлийн үнэ цэнийг энэ үед л хамгийн ихээр ойлгож мэдэрсэн. Одоо Болороо гэрийн эзэгтэй болсон учир байнга уулзалдаад байж чадахгүй, хаа нэг баярын өдрөөр л холбогддог болж дээ гэв.
Түүний хэлсэн өгүүлбэр бүрт “хайр” хэмээх үг дурдагдана. Ямар нэг шалтгаангүйгээр нүд нь гэрэлтэж, нүүр нь туяарч, урууландаа үл мэдэг мишээл тодруулах нь дурласан хүний шинж гэдэг үгийг хаа нэгтэй сонсож байсан юм. Түүнтэй ярилцаж байхдаа тэр хайрын далайд эргэлт буцалтгүйгээр шумбасныг мэдэрч байлаа. Дурлал эмэгтэй хүнийг улам үзэсгэлэнтэй болгодог гэдэг. Тэгвэл Ануг хайр улам хүчтэй болгож байгаа ч юм шиг...
Жоохон охин байхдаа брэнд хэрэглээг нэг их чухалчилдаггүй байжээ. Харин Парисын загварын долоо хоног үзсэнээс хойш хувцас нь хэрэглээнээс гадна нэр хүнд, зэрэг зиндааг илэрхийлдгийг ойлгосон аж. Одоо түүний гангарааг Gucci, Luis Vuitton, Chanel, Burberry, D&G, Versace зэрэг брэнд тодорхойлно. Мөн түүнд гараар урласан бүтээл таалагддаг гэнэ.
Урлагийн эмэгтэйн хувцасны шүүгээ гоёлоор арвин байх ёстой. Ану өмсдөггүй хувцас байсан ч хадгалдаг. Хувцсанд өөрийнх нь энерги шингэсэн гэж Ану үздэг учраас хаях тун дургүй. Сэтгэл тавгүйтсэн үедээ дэлгүүр хэсч стрессээ тайлдаг байна.
-Та биеийнхээ аль нэг хэсэгт мэс хүргэсэн үү. Жишээлбэл таны шүд, хамар, нүд, уруул, хөх гээд байгалийнх гэхэд үзэсгэлэнтэй харагддаг. Өнөө үед гоо сайхны мэс засал хийлгэснээ аль ч улсын одод нуухаа больсон шүү дээ. Ер нь ийм өөрчлөлтийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Өмнө нь ийм асуултаас тас гүрийгээд зугтдаг байсан. Харин одоо надад нуух шаардлага байхгүй гэж бодож байна. Би бусдад биш өөртөө таалагдах гэж амьдарч байгаа шүү дээ. “Гала” хамтлагт байхдаа хамраа өндөрсгөсөн, хэсэг хугацааны дараа дахин янзлах бодолтой байгаа.Түүнээс биш биеийнхээ өөр бусад хэсэгт мэс хүргээгүй. Хэрвээ тийм сайхан харагддаг бол баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ саяхан нэг номонд “Хүн бүхэн ганцхан хувь агаад түүнд зориулагдсан аз жаргал ч мөн адил нэг л хувь байдаг. Хэрвээ та өөрийнхөө ямар нэг зүйлийг өөрчилбөл та өөр хэн нэгэн болон хувирч, танд зориулж бэлтгэсэн тэр хувь тавилан хаа нэг тийшээ одож, өөр заяа төөргөөр солигддог” гэж бичсэн байсан.
Хамраа өндөрлөсөнөөс болоод учрах ёсгүй зарим зүйл миний амьдралд тохиолдсон юм биш байгаа гэж айсан шүү. Тиймээс хүн айгаад зугтаахаар царайтай биш л бол өөрийнхөө зүсээр оролдоод хэрэггүй байх аа. Гэрэлтсэн арьс, тунгалаг нүд эмэгтэй хүний гоо сайхны хамгийн чухал шалгуур юм болов уу.
Бүсгүй бүхэнд ямар нэг сайхан зүйл бий, түүнийг олж хараад дурлах ганц л эр бий гэж би боддог. Шүдний хувьд манайхан цагаан идээ хүнсэндээ их хэрэглэдэг учраас бүгд нэгэн жигд сайхан шүдтэй. Би “Дүнжингарав” хорооллын замын урд байрладаг “Сэрамо” шүдний эмнэлэгт очиж 14 хоногт нэг удаа бүрэн цэвэрлүүлдэг, бас цайруулагчтай тусгай оогоор шүдээ угаадаг. Энэ оо амны хөндийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг учраас боломжтой бол хэрэглэж байгаарай. Мөн тамхи болон будагч бодистой вино, дарс хэрэглэдэггүйд учир байгаа байх.
-Та хэр худалч вэ. Худал хэлээд баригдаж байсан тохиолдол бий юү?
-Тийм ээ, баригдсан тохиолдол бий. Нэг удаа найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байгаад ээж залгахаар нь гэртээ байна гэж хэлээд өнгөрлөө. Гэтэл нэг өдөр дахиад л нөгөө найзтайгаа хамт байж байтал ээж залгалаа. Би гэртээ байна гээд хоёр дахь удаагаа худлаа ярьтал өмнө нь худлаа хэлснийг чинь мэдсэн, одоо үнэнээ хэл гэдэг байгаа. Тэгээд үнэнээ хэлтэл итгэхгүй, манай найзын гэрт өөрөө ирж үзээд нэг юм үнэмшиж билээ. Олон хавар нэгэндээ гэгчээр хэзээ нэг өдөр баригддаг л юм билээ (инээв). Мэдээж худал хэлэхгүй амьдарна гэдэг үлгэрийн далай болох биз. Хамгийн гол нь өөрийгөө хуурахгүй байх хэрэгтэй.
-Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад хаа нэгтэй нөхөж баршгүй алдаа хийсэн үе байсан уу. Маш их харамсаж, буцаж очоод засах юмсан гэж бодохоор тийм буруу зүйл...?
-Алдаа оноо хамтдаа оршдог учраас том алдсан байлаа ч түүнээс илүү оноо намайг угтана гээд сэтгэлээ тайвшруулахыг илүүд үздэг. Хэчнээн харамсаад тэр цаг үедээ буцаж чадахгүйгээс хойш, шаналах ямар шаардлагатай гэж. Харин алдсанаа давтахгүй бол тэр хүн юм ойлгожээ гэж бодох хэрэгтэй биз дээ. Манай аав их хашир л даа. Би тэр занг нь өвччихсөн юм шиг санагддаг. Сайн бодож, тунгаасны эцэст, итгэлтэй болсон цагтаа л хөдөлдөг. Өмнө нь бодлогогүй хэлсэн үгнээсээ болж олон хүнийг гомдоож байсан. Харин одоо гомдох ямар байдгийг биеийнхээ эд эс бүхэнд мэдэрсэн учир амныхаа зоргоор үг урсгахаа больсон. “За бол за, үгүй бол үгүй” гэдэг дүрмийг амьдралдаа баримталдаг болсон доо.
-Зарим хүн ямар нэг холбоо, эвсэл байгуулаад улс төрд орохыг хичээдэг. Ану арай улс төрч болох юм биш биз?
-Ёстой тэгж бодож төлөвлөөгүй. Хүүхэд баярлуулна гэдэг хамгийн буянтай зүйл учраас би энэ байгууллагыг үүсгэсэн. Өөр элдэв далд санаа байхгүй ээ. Тэгээд ч надад улс төр зохихгүй. Гэхдээ УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн сонгогдсон, улс төрд бүсгүй хүний мяндсан ухаан дутагдаж байгаа нь ажиглагддаг. Эрчүүд дандаа хатуу хууль гаргадаг. Харин манай төрд уян хатан бодлого, төлөвлөлт хэрэгтэй гэж бодож байна.
-Сайхан хоолойтой нэгнийг сайн гэж үнэлэх нэг хэсэг байхад саак шоу үзүүлж буйг нь жинхэнэ дуучин гэж дүгнэх нь ч бий. Та өөрийгөө энэ хоёр ангиллын алинд багтаах бол? -
Ямартай ч МХО-ны дулаачийн дугуйланг алтан медальтай төгссөн, Nature sound төвийг амжилттай дүүргэсэн. Одоо СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж байгаа. Дуучны мэргэжлийг ном ёсоор нь эзэмшиж, ур чадвараа дээшлүүлэх гээд гүйгээд л байна. Өдөр бүр гамма уншиж, мэргэжлийн багшаар хичээл заалгаж байгаа. Опера дуучин шиг мундаг хоолойтой гэхгүй ч бас муу гэж өөрийгөө голохгүй. Гадны улс оронд тоглолтоор очвол байнга амьдаар дуулах хэрэгтэй болно. Одооноос оролцох шоу болгондоо өөрийн гэсэн микрофонтойгойо очиж, амьдаар дуулах төлөвлөгөөтэй байгаа. Өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлсэн, шинийг эрэлхийлэгч уран бүтээлч гэж өөрийгөө дүгнэнэ. Ирэх наймдугаар сард гарах миний шинэ уран бүтээлүүд эмэгтэйлэг, уян зөөлөн гэхээсээ илүү эрэгтэйлэг, эрч хүчээр дүүрэн, шийдэмгий чанарыг өөртөө шингээсэн байх болно. Энэ тал дээр ая зохиогч, продюссэр Окитой хамтран ажиллаж байгаа.
-Өнгөрсөн намар “Шинэ үе” продакшны бүтээл “Үлгэрийн хайр” киноны туслах дүрд тоглосныг тань хараад кино урлагт хүчээ үзэх нь үү гэж таамаглаж байлаа. Эротик кинонд тоглох санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?
-“Үлгэрийн хайр” кинонд Ундармаа эгч, Бооёо ах хоёрын охин болж тоглосон. Ажлынхаа хажуугаар яарч сандарсан амьтан очиж жүжиглэсэн болчихоод яваад байсан чинь хүмүүсээс ур чадварын тал дээр шүүмжлэл сонссон шүү. Жүжиглэх гэдэг хүссэн бүхний хийгээд байх ажил биш байна лээ. Жүжиглэлтийн хувьд өөрийгөө чамласан ч сайхан хүмүүстэй хамтран ажиллахад их эрч хүчийг надад өгсөн. “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэн зургаа татуулаад хэвлэлийнхний бай болж эцэг эхдээ ч загнуулаад амжсан.

Тиймээс эротик кинонд тоглохгүй, бас дахин иймэрхүү зураг авалтанд орохгүй байхаар шийдсэн. Залуу насны гоо үзэсгэлэнгээ нэг л удаа мөнхлөхөд надад хангалттай.
Хорвоо ертөнц бүхэлдээ аз жаргал байсан бол хүн гэдэг амьтан зовлон гэдгийг үзэхийг ямар их хүсэж, тэмүүлэх байсан бол. Гэсэн ч сайн, муу зэрэгцэн оршдог энэ ертөнцөд олноос онцгойрч бусдын анхааралд амьдарна гэдэг нэг бодлын сайхан ч нөгөөтэйгүүр хэцүү байдаг биз. Юутай ч нууж хаалгүй, илэн далангүй ярилцахыг хичээсэн түүнд талархсанаа илэрхийлье.
Ням гариг сэтгүүл