Өмнөд Африкт болсон хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүлээн авалтын үеэр DJ Нкосинати Мафумуло 60 цагийн турш пянз наадуулж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Өдгөө 34 настай түүний бичлэгийг шинжээчид хийж, “Гиннесийн ном”-д тэмдэглэхээр шийджээ.
Тэрбээр 13 настайдаа автомашины ослын улмаас нэг гараа тайруулсан тул 60 цагийн турш ганц гараараа тоглосон нь үзэгчдийн анхаарлыг эрхгүй татжээ. Энэ тухайгаа тэрбээр “Хөгжим надад хүч чадал хайрладаг. Надад пянз наадуулагчаас өөр тохирох ажил байхгүй юм шиг санагддаг. Дээд амжилт тогтоочихоод тайзнаас буухдаа нулимсаа барьж чадаагүй” гэжээ.
“Хар кофе” хочоороо dance хөгжим сонирхогчдын дунд хэдийнэ нэр хүндээ олсон Нкосинати дээд амжилтын тухай дүрэм ёсоор цаг тутам 20 минут амарч байсан аж. Сонирхуулахад тэрбээр өөрийн уран бүтээлийн нэрээр овоглосон хүмүүнлэгийн сантай бөгөөд амжилтынхаа ачаар олсон орлогоо энэ сангаараа дамжуулан бусдад хандивлах гэнэ.
У.ТЭНҮҮН