Сайхан сэтгэлт хөршөө хорлох гэсэн санаа муут суусрын тухай өгүүлэх “Алтан хөрш” жүжгээр өнгөрсөн бямба гаригт Хүүхэлдэйн театрын хамт олон их тайзныхаа нээлт хийлээ. Өнгөрсөн есдүгээр сард “Долоон өндөгтэй доголон шаазгай” сургамжит үлгэрээс сэдэвлэсэн жүжгээ цэцэрлэгийн багачуудад сонирхуулж байсан бол энэ удаад зургаагаас дээш буюу сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан нээлт хийж байгаа нь энэ аж.
Түүнчлэн тус театрын хамт олон хичээлийн шинэ жилийн бэлэг болгож хоёр төрлийн бэлгийн карт гаргажээ. Энэ намар, өвлийн турш сар бүр нэг жүжиг үзэх эрх бүхий карт сургуулийн өмнөх насныханд зориулсан бага тайзны, сургуулийн насныханд зориулсан их тайзны гэсэн ангилалтай.
Бага тайзны бэлгийн картыг эзэмшигчид “Улаан малгайт”, “Өнхрүүш”, “Долоон өндөгтэй доголон шаазгай”, “Шинэ жилийн багт наадам”-ыг үзэж сонирхож болох бол их тайзны бэлгийн карт “Алтан хөрш”, “Нугасны муухай дэгдээхэй”, “Бяцхан хатагтай” зэрэг жүжиг, “Шинэ жилийн багт наадам”-ын арга хэмжээнд оролцох эрх олгох гэнэ. Дээрх жүжгүүдийг бямба, ням гариг бүрийн 12.00, 14.00, 16.00 цагт тоглоно.
У.ТЭНҮҮН