Нэгэн цагт “Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхний тоогоор зураг зурна” хэмээн тунхаглаж байсан зургийн багш Л.Өнөрчимэг энэ жил “Өнө” хэмээх цомгоо шүтэн бишрэгч хийгээд хүүхэд залуусын гар дээр тавилаа. Зураач бүсгүй 1992 онд анх удаа хоёр гар, хоёр хөлөөрөө зурж эхэлсэн төдийгүй нэгэн оны дараа хөл, ам, хоёр гараараа нэгэн зэрэг зураг зурж Монгол Гиннесийн дээд амжилтыг тогтоож байжээ.
1996 онд усан дотор зураг зурсан бол 1999 онд устай шилдэн хоргон дотор зураг зурснаар Монгол туургатны наадмын тэргүүн шагналын эзэн болжээ. Хөх тэнгэрийн доорх уулсыг цуурайтуулан дуулж, хурдан хүлгийн давхианд шүлэг бичиж, тунгалаг уснаа шумбан зургаа зурж, хангайн ойгоос урлахуйн увдисыг хүртдэг түүний дотоод авьяас билэг өдгөө ч оньсого хэвээр.
Л.Өнөрчимэг эл цомогтоо өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат клип, кино, дууны зохиомж, эх бүтээлийн өв, өөрийн шавь нар болох “Onra” уран зургийн сургалтын төвийн сурагчдын бүтээлээс багтаасан аж.