1508 он. Агуу Леонардо да Винчи ойрын хараа муутай хүмүүст зориулж контакт линзний зургийг гаргажээ. Харин энэ нь үйлдвэрлэлд нэвтэрсэн эсэх нь тодорхойгүй.
XIX зууны төгсгөл. Германы шил үлээгч Мюллер анх удаа нүдэнд зориулсан шилэн линзний эхний хэсгийг гаргасан байна. Тэр үед линзийг гараар хийдэг байжээ.
XX зууны 20-иод оны үе. Нүдний шилний үйлдвэрлэлээрээ дэлхийд нэрд гарсан “Карл Цейс” хараа сайжруулах линзийг үй олноор нь үйлдвэрлэж эхэлжээ. Тэр нь зузаан, 2-3 цагаас илүү хугацаанд зүүж болдоггүй байжээ.
XX зууны 50-иад оны үе. Линзийг хөнгөн маягаар хэрэглэхэд зориулж тусгай хуванцараар зохион бүтээжээ. Энэ нь 10-12 цагаар зүүх боломжтой болсон байна.
XX зууны 60-аад оны үе. Ус, хүчилтөрөгч агуулсан зөөлөн линз бий болсон байна. Энэ нь нүдэнд эвтэйхэн, зүүхэд гаж нөлөөгүй. Нүдэндээ линз зүүсэн нь огтхон ч мэдэгддэггүй аж. Энэ нь бидний өнөөдрийн зүүж, хэрэглэж буй зөөлөн контакт линз ажээ.
Контакт линзтэй үед анхаарах зүйлс:
1. Линзтэй үедээ усанд сэлж, шүршүүрт орж болохгүй.
2. Линзийг газ үнэртсэн, тоос шороотой, тамхи татсан орчинд зүүж болохгүй. Линз үнэрийг өөртөө маш түргэн шингээдэг учир нүдний угт муугаар нөлөөлнө.
3. Линзийг өвчтэй үед ялангуяа их халуурсан үед зүүж болохгүй.