Хүний гар гэрэлтдэг гэвэл та итгэх үү. Японы “Hamamatsu Photonic” төв лабораторийн эрдэмтэн Мицуо Хиромацугийн ахалсан судалгааны багийнхан хүний гар өөрөөсөө гэрэл ялгаруулдгийг тогтоожээ. Гараас ялгарах цацрагийн хэмжээ, хэлбэр дүрс нь тухайн хүний эрүүл мэндийн байдлаас хамааран өөрчлөгддөг байна.
Мицуо Хиромацу “Discovery” телевизэд ярилцлага өгөхдөө “Хүний гар гэрэл цацруулдаг цорын ганц эрхтэн биш. Гараас гадна дух, хөлийн тавхай ч фотон буюу гэрэл ялгаруулдаг” гэжээ. Эдгээр эрхтэнд фотон агуулагддаг учраас гэрэлт туяа цацруулдаг гэнэ. Ийм цацрагийг энгийн нүдээр харах боломжгүй тул судлаачид өндөр хүчдэлтэй фотон уншигч төхөөрөмж ашигласан байна.
“Journal of Photochemistry and Photobiology Biology” сэтгүүл уг судалгааны талаарх нийтлэлдээ фотон уншигч төхөөрөмжөөр харахад хумсны 60, хурууны 40, алганы 20 хувь нь фотон ялгаруулдаг тухай дурджээ. Мицуо Хиромацу хүний хурууны хумсны гадаргуу олон талт призм чанартай учраас илүү их гэрэл ялгаруулдаг гэж үзэж байна. Гараас цацрах гэрлийг гэрэлт цохынхтой адилтгаж болох гэнэ.
Германы Олон улсын биофизикийн нийгэмлэгийн гишүүн Фриц Алберт Попп дээрх дүгнэлттэй санал нэгдсэн байна. Энэхүү гэрлийг сайтар судалснаар хүний өвчнийг оношлох, эмчлэх гээд анагаахын салбарт шинэ нээлт хийж болно гэж эрдэмтэд үзжээ.
Х.БОЛОР