Ослын улмаас хоёр гараа тайруулсан залуу өнгөрөгч ням гаригт Шанхайн цэнгэлдэх хүрээлэнд хөлөөрөө төгөлдөр хуур тоглож, цугласан олныг алмайрууллаа. Тэрбээр “Авьяаслаг хятадууд” шоуны төгсгөлийн шатны шал гаруулалтад оролцсон нь энэ бөгөөд Жэймс Блантын “You’re Beautiful” дууны аяыг тоглож, шоуны ялагчаар тодорчээ.
“Авьяаслаг британичууд” шоунаас төрсөн Сюзан Бойл гайхалтай хоолойгоороо дэлхий дахины анхаарлыг татаж байсан бол эл шоуны хятад хувилбарын ялагчаар тодорсон Лиу Вэйг ч Сюзаны адил хувь заяа тосож байгааг үгүйсгэх аргагүй хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна.
Учир нь шоуны төгсгөлд Тайванийн нэрт дуучин Жолин Цай түүнийг тоглолтдоо оролцуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Арван настай байхдаа тэрбээр тогонд цохиулсны улмаас хоёр гараа тайруулсан бөгөөд хөгжимчин болох хүсэлдээ хөтлөгдөн 18 настайгаасаа хөлөөрөө төгөлдөр хуур тоглож эхэлсэн аж.