Охидын хамтлагийн орон зайг эзгүйрүүлэн, хөгжим сонирхогчдын хүлээлт горьдлогоор үдүүлж АНУ-ыг зорьсон “Эмоушн” хамтлагийнхан огт өөр хэв маяг бүрдүүлэн эх орондоо ирээд байгаа билээ. Тэд амласан ёсоор энэ сарын сүүлээр тоглолтоо толилуулах гэж байгаа. Энэ талаар тодруулахаар тус хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай холбогдлоо.
-“Sweetymotion” хамтлаг америк уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтоор үзэгчдэд бэлэг барина гэж амлаж байсан. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Манай хамтлагийн 13 жилийн ой энэ сарын 5-нд болсон. Бид төрсөн өдрөө Америкт тэмдэглээд ирлээ. Ингэж явахдаа зөвхөн баярлаж, ёслоод өнгөрүүлэх биш тоглолтынхоо бэлтгэлийг базааж, багагүй ажил амжууллаа. Тоглолтын хөгжимчид болон бүжигчидтэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Хөгжимчдийн хувьд Холливудын оддын аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтаж байсан чадварлаг уран бүтээлчид бий. Харин бүжигчид нь R&B дуучин Крис Браунтай хамт бүжиглэж байсан хүмүүс.
-Тоглолтын тов гарсан уу?
-Одоогоор тоглолтын тов тодорхой шийдэгдээгүй байна. Энэ сарны 29, 30-нд гэж төлөвлөж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилж магадгүй болоод байгаа.
-Ямар дуу дуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Сонсогчдын сэтгэлд хоногшсон хуучны хит дуунуудынхаа аяыг шинэчлэн, орчин үеийн хэв маягт нийцүүлэн найруулгыг нь өөрчилж байгаа. Тэдгээр дуугаа дуулна. Мөн “Санахын аялгуу”, “Mongolian music video awards” наадмын үеэр клип нь үзэгчдийн хүртээл болсон “You’re so sexy” гэх мэт шинэ уран бүтээлээ ч сонирхуулах бодолтой байна.
У.ЭНЭРЭЛ