Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулга 2010 оны уран бүтээлийн хаалтын тоглолтоо энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд хийхээр болжээ. Монгол орныг зорин ирсэн жуулчдад үндэсний урлагийн тоглолтоор үйлчилж, эх орныхоо нэрийн хуудас болдог тус чуулгынхан нэг жилийн ажлаа ард түмэндээ тайлагнах гэж буй нь анхных юм.
“Хөх тэнгэрийн орон” нэгдсэн тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч, соёлын тэргүүний ажилтан Ц.Дашцэрэн, Н.Нямгэрэл, Ц.Чулуунцэцэг, Т.Содгэрэл нарын “Түмэн эх”-ээр овоглодог бүх уран бүтээлч оролцох аж. Хоёр чавхдсаар хорвоог хүүрнэдэг морин хуурын аялгуу, үг бүр нь ухаарал хайрладаг ардын дуунууд, уран нугаралт, хөөмийн түрлэг гээд “Хөх тэнгэрийн орон” тоглолтод Монголын үндэсний урлагийн дээжис цөм багтсан тухайн тус чуулгын уран сайхны удирдагч Т.Отгонсүрэн ярьсан юм.
С.СЭРГЭЛЭН