
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлж буй. Гэхдээ Монголын хууль гурав хоног гэгчээр цаасан дээр л хэрэгждэг хуулиудын нэгэн адил замхарч байна.
Өөрөөр хэлбэл, эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхдүүд амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Энэ он гарснаас хойш бага насны 4 хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэргүүд үүнийг нотолсоор байна. Хэргүүдийн заримыг дахин сануулъя.
- 2019.09.17 - Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ой 8 сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан.
- 2019.09.03 - Баянгол дүүргийн аравдугаар хороонд нэг нас ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан.
- 2019.07.05 - Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас алга болсон зургаан настай хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алдсан байжээ.
Хөдөө орон нутаг гэлтгүй нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд нүхэн жорлонтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн Улаанбаатар хотод гэхэд хамгийн багадаа 200 мянга гаруй нүхэн жорлон бий гэсэн үг. Тиймээс гарч болох эрсдэлээс сэргийлж, муу усныхаа нүхийг таглах, нүхэн жорлонгийн хаалга, үүдийг цоожлох, бага насны хүүхэд онгойлгоод орохооргүй болгох ёстойг хуулийн болоод эрүүл мэндийн байгууллагууд сануулсаар ирсэн.
Ялангуяа нүхэн жорлонд унасан хүүхдийн уушги хүнд гэмтдэг. Учир нь унасан хүүхдийн амьсгалах магадлал ердөө 50 орчим хувь л байдаг гэнэ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан хэлэхдээ “Нэгдүгээрт, өндрөөс унаж байгаа учир гэмтэх асар өндөр магадлалтай. Хоёрдугаарт, бодисын солилцооны өөрчлөлтөд орох болон гадны биет залгих нь их. Тодруулбал, унах үедээ тэнд байгаа шингэн бохирын бодисыг залгисантай хамааралтайгаар уушги гэмтэж, хурдан хугацаанд хавагнах, амьгалын дутагдалд оруулах гэх мэт эрсдэлүүд үүсдэг. Улмаар амьсгалын замд аспирац бий болдог” хэмээн тайлбарлалаа.
Дөнгөж хөлд орж байгаа хүмүүс хашаа хороондоо ганцаараа, ямар ч хараа хяналтгүй тоглож, цаашлаад гэмтэж бэртэж, амь насаа алдах нь эцэг эхийн хараа хяналттай шууд холбоотой.
Айл бүр орон сууцанд тухалтал хэдэн ч нялх хүүхэд энэ жишгээр амь насаа алдахыг тооцоолох аргагүй. Нүхэн жорлон эрүүл ахуй, байгаль экологид хор хохирол учруулж байсан бол өнөөдөр таны хүүхдийн амь насанд бодитоор заналхийлээд эхэлсэн байна.
Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал бий. Хүүхдэд аюултай орчин үүсчихээд байхад томчуудад тэр бүр анзаарагддаггүй. Эцэг, эх, асран хамгаалагчдын өөр зүйл рүү анхаарсан ганцхан хором таны хүүхдийн амийг аваад явчих аюултай. Энэ асуудал дээр төр засгаас айхавтар томыг шаардахаас илүү өөрсдөөсөө эхэлж, амьдралын хэвшмэл болгох хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр гэрээ нэг тойруулаад ажиглачих. Аюултай зүйл юу байна анзаарчих хэрэгтэй. Та ус буцалгачихаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг.
Аюул зөвхөн гэр хороололд байгаа юм биш. Орон сууцанд өндрөөс унаж амиа алдсан хүүхдүүдийн тоо төдийлөн цөөрөхгүй байна. Тэрний хүүхэд ингэж нас баржээ гэж халаглах бус жижээ авч сэрэмжлэх хэрэгтэй.
Үүгээр ч зогсохгүй улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон үзүүлэлттэй байна. Хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу зодолдох, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагддаг бөгөөд 16-18 насны хүүхдүүд дийлэнхи хувийг эзэлдэг аж. Энэ мөн л эцэг эхийн хариуцлагагүй үйлдэл, хүүхдийг үл хайхарснаас болж үүсдэг.
Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд Зөрчлийн хуулиар хариуцлга тооцдог. Мөн хүүхдийн амь насанд хохирол учирсан болон хүүхдийн биед гэмтэл учирахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ л биелүүлэх ёстой. Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн цагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг. Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хуульд 260 орчим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Цагдаагийн байгууллага, Хууль сахиулах их сургуультай хамтран сүүлийн таван жилийн гэмт хэргийн судалгааг хийхэд хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн тоо гарсан.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүргийг заасан. Тухайлбал:
- хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;
- хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;
- хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
- хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
- хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;
- хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;
- хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;