УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн хавар ОХУ-ын зохиолч В.Красногоровын долоон жүжгийг таван өөр найруулагчаар амилуулан тайзнаа тавьсан. Драмын урлагийнхны хувьд шинэд тооцогдох эл үйл ажиллагаа амжилттай болж нэлээд хэдэн жүжиг үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Тэдгээрийн нэг болох “Хунгийн дуу” ирэх сарын 1-нээс дахин тоглохоор болжээ. Ардын жүжигчдийн багийнх ны амилуулсан эл жүжгийн найруулагчаар Б.Мөнхдорж, туслах найруулагчаар Г.Урнаа ажилласан юм. Ирэх сарын 1-6, 8-9-нд тоглох “Хунгийн дуу”-гийн гол дүрд ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Н.Мягмарнаран болон Г.Урнаа, Б.Эрдэнэцэцэг нар тоглоно.
Дашрамд дуулгахад, энэ жүжгийн зохиолыг ардын жүжигчин Н.Сувд орчуулж, Ч.Найдандорж хянасан юм.
С.СЭРГЭЛЭН