Аливааг маргааш хэмээн хойш тавилгүй, зөвхөн өнөөдөр хийхийг чухалчилдаг дөрвөн залуу уран бүтээлч “Today” нэртэй үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээжээ. Үзэсгэлэнд Л.Амарсанаа, М.Уламбаяр, Ц.Бат тулга, Д.Ганболд нарын уран зураг, зураасан зураг, уран сийлбэр, орчин үеийн хөдөлгөөнт урлагийн 70 орчим бүтээл тавигдсан бөгөөд уран бүтээлчдийн мэргэжлийн онцлог, уран сэтгэмж, дотоод ертөнцийг өвөрмөцөөр илтгэсэн байна.
Тухайлбал, үзэсгэлэнгийн танхимд голлон буй М.Уламбаярын “Цөлийн нүүдэл” хэмээх өвөрмөц шийдэл, гүнзгий агуулга бүхий бүтээл нь нүдэнд тусав. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн сүүдэр манай орныг ч нөмөрч, хаа сайгүй цөлжиж, хуурайшиж буй нь хүн бүрийн сэтгэлийг зовоох болсон. Ийм цөвүүн цагт гүрвэл хүртэл цөлөөсөө дайжиж, хиймэл ч гэсэн ургамал руу тэмүүлж буйгаар дээрх санааг уран бүтээлч бодитойгоор харуулахыг хичээжээ.
Түүнчлэн, зураач Л.Амарсанаагийн “Есөн эрдэнэ”, “Тэнгэрийн тамга”, “Монгол баатар”, М.Уламбаярын “Домог”, “Аялгуу”, Ц.Баттулгын “Тэнгэр”, “Тэнгэрийн эзэд”, Д.Ганболдын “Эзэн” зэрэг бүтээл нь зохиомж, сэтгэлгээний уран хэллэгтэйн дээр өнгөний өвөрмөц шийдэлтэй болсныг уран бүтээлчид онцлов.
Р.ОЮУНЦЭЦЭГ