М о н г о л ы н урлаг соёлынхон эх орны ирээдүй болсон бяцхан охинд амьдрал хайрлахыг уриалан ирэх сарын 1-нд “UB palace”-т хандивын тоглолт хийнэ. Их бие болон үе мөчний булчингийн хатангиршил өвчний улмаас зовж буй хоёр настай Э.Удвал охины эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр нэгэн тайзнаа цуглах аж. Энэ талаар “Өгөх өдөр” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, дуучин Р.Номин-Эрдэнээс тодрууллаа.
-Дуучин Номин яагаад ТББ-ын удир дах зөвлөлийн гишүүн болов?
-Тохиолдлоор гэж болно. Э.Удвал охины ээж нь “Up town” сэтгүүлийн ерөнхий редактор Уянгаад хандаж тусламж хүссэн юм. Охины толгойноос бусад эд эрхтнийг хамарсан булчин нь хатангиршиж, өвчин нь даамжирсан юм билээ. Жилийн өмнөөс өвчний шинж тэмдэг илэрсэн ч онош нь тогтоогдохгүй байсаар өдий хүрч. Одоо охин байнгын зовиураа дарах гэж хүчтэй тайвшруулах эм уудаг. Гүйцэд хэлд ороогүй хэрнээ өвчиндөө шаналж уйлна, шулганана, ээж аавыгаа цохиж, уцаарлана. Ийм дүр зургийг харсан хэний ч өр өмрөхгүй байхын аргагүй. Тэгээд л бид тусалж, Солонгос руу эмчилгээнд явах зардлыг нь сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр цуглуулахаар шийдсэн. Хандивыг албан ёсны болгох үүднээс “Өгөх өдөр” нэртэй ТББ байгуулсан юм.
-Хандивын тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтыг “Up music” продакшн хариуцаж байгаа. Чука ахад энэ саналыг тавихад тун сайхан хүлээн авч, роп поп, нийтийн дуучдын шилдгүүдийг нэг тайзнаа цуглуулсан сайхан тоглолт хийхээр болсон. “Харанга”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлагийнхан, дуучин Б.Сарантуяа нарын уран бүтээлч оролцохоо одоогоор хэлсэн. Өөр уран бүтээлчдэд дуулгахаар ажиллаж байна. Татгалзахгүй байх.
-Э.Удвал охинд туслахыг хүссэн хүмүүс та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?
-Арваннэгдүгээр сарын 1-нд болох бүх оддын хандивын тоглолт, мөн “Помогите нам 2” киног ирэх сарын 1,2-нд үзсэнээр ой есөн сартай Э.Удвал охины амь насыг аврахад хувь нэмрээ оруулна. Бид тун богино хугацаанд эмчилгээний зардал бүрдүүлэх ёстой юм.
Тиймээс охинд туслахыг хүсвэл “Өгөх өдөр” ТББ-ын Голомт банкны 1605010007, ХААН банкны 5003604147, Худалдаа хөгжлийн банкны 499180209 дугаарын дансанд хандиваа шилжүүлээрэй. Монголын нэг сайхан гэр бүлд элэг бүтэн амьдрал, бяцхан охинд эрүүл мэнд, гэрэлт сайхан ирээдүй бэлэглэе гэж уриалмаар байна.
Б.БАЯРЦЭЦЭГ