Нийслэлийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн төлөө газраас жил бүр шилдэг гэр бүл шалгаруулах “Хос багана” ёслолын ажиллагаа явуулдаг билээ. Энэ жилийн шүүгч нарыг өчигдөр тодруулсан юм. Гэр бүлийн аз жаргал, үнэ цэнэ, ёс заншлыг хойч үедээ уламжлуулж, үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэн, ард түмнийхээ төлөө оюун билэг, авьяас чадвараа зориулан ажиллаж, амжилт гаргасан гэр бүлийг нийслэлийн есөн дүүргээс есөн номинациар шалгаруулав.
2010 оны нийслэлийн манлайлагч залуу гэр бүлээр шалгарсан УДЭТ-ын жүжигчин, найруулагч Н.Наранбаатар “Шилдэг залуу манлайлагч гэр бүл болсондоо баяртай байна. Эхнэр, үр хүүхдүүдийн минь хүчин зүтгэл ийм хүндтэй өргөмжлөл авахад нөлөөлсөн. Гэхдээ шагнал авах гэж амьдраагүй л дээ.
Залуу хүмүүсийн хувьд урдаа тавьсан зорилго, нийгэмд эзлэх байр суурь, хийж бүтээх хүсэл тэмүүллээр нь манай гэр бүлийг шалгаруулсан болов уу” хэмээсэн. Түүний эхнэр Л.Гантуяа “Бид хоёр ажиллаж байгаа салбартаа амжилт гаргаж, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж яваа гэдгээрээ манлайлагч гэр бүл боллоо. Монголын олон сайхан залуу гэр бүлийн төлөөлөл болж, шилдэг гэр бүлээр шалгарсандаа баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Ийнхүү Баянзүрх дүүргийн иргэн Ц.Түвшинтөгсийнх оюунлаг, Баянгол дүүргийн иргэн, ардын жүжигчин А.Очирбатынх авьяаслаг, Багахангай дүүргийн Н.Нэргүйнх бүтээлч, Багануур дүүргийн Л.Жамсрангийнх ёс билгийг дээдлэгч, Сонгинохайрхан дүүргийн Д.Намхайдоржийнх спортын алдартан, Сүхбаатар дүүргийн Б.Цэндхүүгийнх өнөр, Налайх дүүргийн Л.Баасандоржийнх чадварлаг, Чингэлтэй дүүргийн Н.Дашцэрэнгийнх хүмүүнлэг гэр бүлээр тус тус шалгарлаа.
Р.ЦЭЦЭГ