ДБЭТ-ын энэ жилийн үзвэрийн нээлт олон улсын гэж болохоор өргөн болж байгаа. Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Эрвээхэй хатагтай” дуурийг нутаг нэгт удирдаачаар нь дохиулан эхний тоглолтоо хийсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Якутын театрыг өөрийн тайзнаа залж Москвагийн “Большой театр”- ыг Монголд “сүндэрлүүлсэн”.
Мөн ирэх бямба гаригт Италийн удирдаач Роберто Салвалаио Ж.Вердийн “Травиата” дуурийг удирдан тоглуулах гэж байна. Нээлтийн тоглолтын үеэр ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү “Бид “Учиртай гурван толгой” дууриа нүдээ аниад ч тоглуулж чадна. Түүн шиг итали удирдаач эх орныхоо дуурийг мөн тэгж дохидгийг харлаа” хэмээн онцолж байсныг санаж байна.
Тэгэхээр Италийн гайхамшигтай хөгжмийн зохиолчдын нэг Ж.Вердийн бүтээлийг ч мөн тэр мэдрэмжээрээ тоглуулах биз ээ. “Травиата”-д Ө.Уянга, Р.Доржхорлоо, Г.Шижирболд, гавьяат жүжигчин М.Болд нар гоцолно. Дашрамд дуулгахад, гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэ дуурийг манай тайзнаа 1977 онд анх тоглож байсан юм билээ.
Ж.СОЛОНГО