Дэлхийн нэртэй одод алдартай брэндтэй хамтран өөрийн нэрийн үнэртэн, загварын коллекцийг гаргадаг. Тэгвэл энэ жишиг Монголыг ч мөн тойрсонгүй. Өвөрмөц хоолойноосоо гадна, өнгө үзэмжээрээ олны анхаарлын төвд байсаар ирсэн дуучин Д.Болд загварын ертөнцийг “бужигнуулахаар” шийджээ.
Тэрээр Гоёо брэндтэй хамтран Be Bold нэртэй коллекци гаргаснаа хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд дуулгав. Тус коллекцийг харахад энгийн байх боловч өмссөн хэнийг ч өвөрмөц, цаг үеэ мэдрэгч болгохын дээр хатуу чанга, өөртөө итгэлтэй, шийдэмгий дүр төрхийг бүтээх учраас Be Bold гэж нэрлэсэн аж.

“Би Монгол поп гэдэг урсгалыг хөгжүүлж, түүгээр дамжуулан уламжлалт түүх иргэншил, Монголын гэсэн онцлогтой соёлыг сурталчилахыг зорьж яваа. Монгол ноолуур бол эх орны маань нэрийг дэлхийн зах зээлд таниулсан том баялаг. Тиймээс үндэсний фейшн брэндийг бүтээж буй Гоёо брэндийн хамтран ажиллах саналыг баяртай хүлээж авч нэрийн коллекци гаргасан юм. Гоёогийнхон ч сэтгэлд нийцсэн сонирхолтой загварууд болон санаануудыг гаргаж чадсан.
Be Bold-ын танилцуулгын зураг авалтаараа өвөрмөц агуулгыг гаргаж, ерөөсөө л хатуу чанга, зоримог байдлаар стилиэ бүрдүүлэхийг залууст санал болгохоор шийдлээ. Гоёо брэндийн оддын цуврал коллекцийн эхний дүр төрх болж загварын ертөнцөд шинэ хуудас нээж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж дуучин хэлж байна. Нэрийн коллекцийн албан ёсны нээлтээ энэ сарын 30-нд Улаанбаатар их дэлгүүрт хийх бөгөөд эх орондоо төдийгүй Итали, ОХУ, Казакстан зэрэг дэлхийн олон оронд худалдаалахаар болсон байна.
Камертон хамтлагаар олны танил болсон Д.Болд Монгол залуусын стилийг тодорхойлж Be Bold гэсэн шинэ ойлголтыг гаргаж ирлээ. Яахав “Be Bold” болж үзэхэд юу нь буруудах билээ..,