Оюутан сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хэмжээнд “Хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 00:00 цагт хаах ёстой шөнийн клуб, ресторануудад цагийн хуваарь хэрхэн хэрэгжиж байгааг шалгажээ.
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 440 аж ахуйн нэгжийг шалгахад “Шинэ зууны шат” компанийн “Микс” баар, “Молор трейд” компанийн “Тамир”, “Сод цахир” компанийн “Напелеон” ресторан нь 00:00 цагаас хойш иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж байсныг илрүүлсэн байна.
Мөн БЗД-т үйлчилгээ явуулдаг цэнгээний газрыг шалгаж “Юу Жи Си” компанийн “Метрополис” баарны үйл ажиллагааг зогсоон орлогоос нь нэг сая төгрөгийг хураасан аж.
Хар тамхины хэрэг удаа дараа гарч, шалгалтаар байнга хаагдан, хэл ам таталж байдаг Метрополис баар Номин талст хамтлагийн дуучин Д.Батсүхийн эхнэр Н.Жаргалангийх гэх тодотголтой боловч хачир дээрээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүхийн хувийн эзэмшлийнх гэнэ. Н.Жаргалан ахдаа тусалж, энэ баарыг ажиллуулдаг гэнэ ээ.