Нидерландын Принс Клаус сангийн хөрөнгө оруулалтаар Уран зургийн галерей дэлхийн жишигт нийцсэн сан хөмрөгийн өрөөтэй болжээ. Өнгөрөгч оны тавдугаар сарын 19-нд тус галерейд гал гарсны улмаас сан хөмрөгийн өрөө галд автаж, хөө тортогт дарагдан, бүтээл хадгалах аргагүй болоод байсан аж.
Эл өрөөг Принс Клаусын сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сэргээн засварласны дүнд тус галерей урлагийн үнэт бүтээлүүдийг хадгалах жишигт нийцсэн нөхцөл бүхий, хадгалалт хамгаалалтын шаардлага хангасан сан хөмрөгийн өрөөтэй боллоо.
Өрөөг сэргээн засварлах ажил өнгөрөгч долоо хоногт дууссан бөгөөд гал, утаа, хөдөлгөөний мэдрэгч бүхий камер, хамгаалалтын систем суурилуулж, өчигдөр галерейн удирдлагад хүлээлгэн өглөө. Сэргээн засварлах ажлын үр дүнд өөр байгууллагад харьяалагдах талбайд байсан сан хөмрөгийн өрөөний хаалгыг галерейн дотор талд болгон шилжүүлсэн тул харуул хамгаалалт ч эрс сайжирсан байна.
Дашрамд дурдахад Принс Клаусын сангийн төслийн хүрээнд сэргээн засварлах ажлаас гадна хоёр ч ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд 2011 онд дуусах аж.