ОХУ руу наймаанд явж байгаад галт тэрэгний цуваанаас тасран хээр хоцорсон наймаачдын тухай өгүүлдэг “Помогите нам” инээдмийн уран сайхны кино өнгөрсөн хавар нээлтээ хийж байсныг уншигч та санаж буй биз ээ. Энэ киноны II анги буюу “Хуваарьгүй нислэг” кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
“Висдом” продакшн, “Zaya sh” студийн хамтын бүтээл уг кинонд хошин урлагийн жүжигчид болон загвар өмсөгчид хамтран тоглосон юм. Тухайлбал, гавьяат жүжигчин Д.Батсүх, соёлын тэргүүний ажилтан С.Лхагвасүрэн, Амбий, Дооёо, топ модель Ч.Туяацэцэг, загвар өмсөгч Э.Сэлэнгэ нарыг элсэн дунд хэрхэн гацаж, хөглөсөн дүрд тоглохыг үзэх болно.
Дашрамд дуулгахад, киноны эхний ангийн зургийг -39 градусын хүйтэнд өвөл цасан дунд авч байсан бол энэ ангийн зургийг элсэн дунд +43 градуст авчээ.
С.СЭРГЭЛЭН