Саяд нэг тохиох ихэр Их Британид мэндлээд гурван сар болж байгаа тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна. Ихэр жаалуудын нэг нь өнгөт, нөгөө нь цагаан арьстай тул дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа аж. Йоркшир гүнлэгийн Шерли Уэльс дүүргийнхээ эмнэлэгт кесарево хагалгаа хийлгэн амаржсан бөгөөд эх баригч хүүхдүүдийг нь тэврэн ирэхэд багагүй цочирдсон гэнэ. 2800 грамм жинтэй төрсөн охин нь цагаан арьстай, цэнхэр нүд, шаргал үстэй бөгөөд яг л аавыгаа дуурайсан бол 2600 грамм жинтэй төрсөн хүү нь өөрийг нь дуурайсан өнгөт арьстай, хар нүд, өтгөн хар үстэй байжээ. Ихрүүд кесарево хагалгаагаар төрсөн тул ердөө л нэг минутын зайтай мэндэлсэн гэнэ. Хачирхалтай ихрийнхээ тухайд хатагтай Уэльс “Би ихэр хүүхэд тээж байгаагаа мэдсэн. Хүү, охин гэдгийг нь ч эмч дуулгасан. Харин арьсны өнгө нь өөр гэдгийг төсөөлөх ч үгүй байлаа. Харин ч хөл хүнд байхдаа хар, цагаан арьстай ихрийн талаар сонин болгон найзууддаа ярьж, хэрэв ховор ихэр төрүүлбэл Ebony (хар мод) болон Ivory (зааны яс) гэдэг нэр өгнө хэмээн даажигнадаг байсан” гэжээ.