Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монгол, Францын уран бүтээлчдийн “Хос аяс” хөгжмийн наадам үргэлжилсээр байна. Талын Монголын язгуур урлагийн хөг аялгууг хип хоп, вит бокс зэрэг орчин үеийн урсгалтай сүлэн шинэ аялгууг мэдрүүлж, нүүдэлчдийн соёл, ахуй, зан заншлыг сурталчлах зорилготой уг арга хэмжээнд манай “Алтай Хангай” хамтлагийнхан оролцож байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэдний тоглолт энэ сарын 3-15-нд тус улсын Парис, Монпелье, Марсель, Ренне зэрэг хэд хэдэн хотод болох юм байна. Энэ үеэр талын монголчууд хоолойн чадлаараа хэрхэн хөөмийлдгийг үзүүлэхээс гадна Францын хип хопчидтой хорших аж. Тоглолтын тайз заслыг өвөрмөц шийдэлтэй хийж, зураач С.Тамирын уран бичлэгийн гайхамшгийг харуулсан бүтээлээс дэлгэхээр зэхжээ.
Ж.ЭРДЭНЭ